Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, шинээр ашиглалтад орох сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явцын талаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин мэдээлэл өглөө.
Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сарын 4-ний өдрөөс эхэлсэн. Харин төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг маргааш буюу наймдугаар сарын 12-ны өдрөөс эхлүүлнэ. Харин шинээр ашиглалтад орох сургууль, цэцэрлэгийн барилгын тухайд энэ онд нийслэлийн хэмжээнд 139 сургууль, цэцэрлэгийн барилга барьж буй. Тодруулбал, өнөөдрийн байдлаар 15 сургууль, цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулсан. Мөн энэ ондоо багтаан 20 сургууль, цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна” гэв.
Ингэснээр ирэх есдүгээр сарын 1-нд 14 мянга гаруй хүүхдийн сургуулийн хүрэлцээг нэмэгдүүлэхийн сацуу 7500 мянга гаруй хүүхдийн цэцэрлэгийн орны багтаамжийг тус тус нэмэгдүүлсэн. Түүнчлэн ирэх онд нэмэлтээр 30 сургууль, цэцэрлэгийн барилга барих газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлсэн гэдгийг тэрбээр онцоллоо.
Мөн сургууль, цэцэрлэгийн анги засвар, шугам сүлжээ, дулаан хангамж зэрэг өвөлжилтийн бэлтгэл ажил 82 хувьтай үргэлжилж байна. Тухайлбал, 177 сургууль, цэцэрлэг болон эмнэлэгт их засвар хийж байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна