Маш өндөр халуурах шинж бүхий өвчлөл үүсгэдэг “чикунгунья” хэмээх вирусийн гаралтай өвчний дэгдэлт БНХАУ-д гарч, тохиолдлын тоо, хамрах хүрээ нь нэмэгдсээр ОХУ-ыг санаа зовох хэмжээнд хүрсэн талаар хойд хөршийн хэвлэлүүд мэдээлж байна.
Өвчний дэгдэлт Гуандун мужийн Фошан хотоос анх эхэлсэн бол дараа нь тэлсээр одоо мужийн өмнөд хэсгийг тэр чигээр нь хамарч, нийт тохиолдлын тоо 10,000-аас даваад байна.
Эрх баригчид хэдий вирусийг тархаахгүйн тулд олон цогц арга хэмжээ авч байгаа ч дэгдэлт зогсоогүй хэвээр байгаа аж. Гуандун мужид өнгөрсөн долоо хоногт 1300 тохиолдол шинээр бүртгэгдсэн бөгөөд энэ нь оргил үеэс буурсан ч тайвшрах үзүүлэлт биш юм.
Чикунгунья вирусийн халдвар тархсан мужид орон байруудыг ариутгах, вирус дамжуулагч болох шумуул өсөж үржих тааламжтай орчинг бүрдүүлэхгүй байх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж, голомтоос гарч байгаа иргэдийг цар тахлын үе шиг тусгаарлах арга хэмжээ авч байгаа ажээ.
Тухайлбал, тогтмол ус, шалбааг үүсгэсэн тохиолдолд торгох шийтгэл ногдуулж байгаа аж.
ОХУ-ын тухайд, одоогоор уг өвчний тохиолдол бүртгэгдээгүй ч Приморье, Хабаровскийн хязгаар, Амур мужид орж ирэх эрсдэлтэй гэж үзэж байгаа аж.
Тиймээс аялал жуулчлалын яам нь аялагчдыг аялалаас буцаж ирснийхээ дараа хамгаалах бодис хэрэглэх, битүү хувцас өмсөх, шумуулын тор тавих, эрүүл мэндээ сайтар хянаж байхыг зөвлөж байна. ОХУ-д энэ өвчний эсрэг тусгай эмчилгээ, вакцин байдаггүй. Тиймээс Хятадын эрх баригчид халдварт өвчнийг дарахын тулд боломжтой бүх арга хэмжээг авч байгаа бол Орос улс хяналтаа чангатгаж, болзошгүй эрсдэл, халдвараас өөрсдийгөө хамгаалах арга замын талаар хүн амд мэдээлж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна