“TOUR OF MONGOLIA 2025”: Тэргүүлэгчийн шар цамц ОУХМ А.Даваажаргалд шилжлээ

Zuv.mn
5 цаг 0 минутын өмнө

26 дахь удаагийн Монголын олон өдрийн уралдаан “TOUR OF MONGOLIA 2025” тэмцээний хоёр дахь гараа өнөөдөр Увс аймгийн Наранбулаг сумаас Өндөрхангай сумын хооронд боллоо. Тус гараа нь энэхүү тэмцээний хамгийн хол хоёр гарааны эхнийх нь байсан бөгөөд эрэгтэй тамирчид 125, эмэгтэй тамирчид 80 км зам туулан уралдаж, ширүүн өрсөлдлөө.


Эрэгтэй элит: Тэргүүлэгчийн байр суурь ОУХМ А.Даваажаргалд шилжлээ


Улаангом-Наранбулаг чиглэлд болсон эхний гараанд тэргүүн байрын төлөөх өрсөлдөөн “Хубилай” багийн тамирчин ОУХМ Б.Идэрболд, “Catco racing team” багийн тамирчин ОУХМ Б.Марал-Эрдэнэ, ОУХМ Э.Болор-Эрдэнэ, “Төв ургац“ багийн тамирчин ОУХМ Х.Тэмүүлэн, ”Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Тэгшбаяр, Э.Билгүүнжаргал, “Catco racing team” багийн тамирчин ОУХМ А.Даваажаргал нарын долоон тамирчны хооронд өрнөж, зургаан тамирчин бөөндөө бариалан ОУХМ Б.Идэрболд түрүүлсэн.

 
Тэгвэл энэ удаад өчигдөр толгойн группд явж байгаад барианы өмнө яльгүй хоцрон 10 орчим секунд алдаж долдугаарт орсон ОУХМ А.Даваажаргал уралдааныг эхнээс нь тэргүүлсээр түрүүллээ. Тэрбээр арын өрсөлдөгчдөөсөө 1 минут 22 секундын өмнө барианд орж ирснээр уралдааныг тэргүүлэгчийн шар цамц өмсөх нь тодорхой болсон юм. Тэрбээр мөн шилдэг спринтерийн ногоон цамцыг өмсөхөөр болсон юм.

 
Энэхүү тэмцээний гурван удаагийн аварга ОУХМ Б.Марал-Эрдэнэ /2014, 2017, 2023/, нэг удаагийн аварга ОУХМ Б.Тэгшбаяр /2024/, ОУХМ Э.Болор-Эрдэнэ /2021/, ОУХМ Э.Билгүүнжаргал /2016/, эхний гараанд түрүүлж шар цамц өмссөн ОУХМ Б.Идэрболд, өчигдрийн гарааны ихэнхид уралдааныг тэргүүлсэн ОУХМ Х.Тэмүүлэн нарын дугуйчид биесээ отон, ганцаараа урагш тасарсан А.Даваажаргалыг хөөлгүй орхисноор тэрбээр дөрвөн минут гаруйгаар уралдааныг тэргүүлж эхэлсэн. Удалгүй болох ёстой юм болдгоороо болж, томчууд нэхэн хөөсөөр ойртож ирсэн ч нэгэнт холдсон цагийг 1 минут 22 секундээс илүү багасгаж чадсангүй.

 
А.Даваажаргал, Э.Билгүүнжаргал, Б.Марал-Эрдэнэ, Б.Идэрболд, Э.Болор-Эрдэнэ, Б.Тэгшбаяр, Ц.Энхпүрэв, Х.Тэмүүлэн, И.Билгүүн гэсэн дарааллаар барианд орлоо.

 
Эмэгтэй: Залуу тамирчин Н.Энхжин түрүүллээ

Эмэгтэйчүүдийн уралдаанд “Алдар” спорт хорооны тамирчин СМ Н.Энхжин түрүүлж, “Төв ургац” клубын тамирчин СМ Х.Отгонтэнгэр, “Catco racing team” багийн тамирчин СМ Б.Номинжин нар хоёр, гуравдугаарт орлоо. 

Хоёр гарааны нийлбэрээр шар цамцыг ОУХМ Ж.Анужин хадгалсан хэвээр үлдлээ.

Өсвөр үе: II гараанд СМ Г.Бямбадалай түрүүллээ

Өсвөрийн шилдэг тамирчдын уралдаанд таван тамирчин бөөндөө бариалсан. Тэднээс “Catco racing team” багийн тамирчин СМ Г.Бямбадалай түрүүлж, “Шилийн богд” клубын тамирчин СМ Д.Халиунболд, “Хубилай” клубын тамирчин СМ М.Мөнхсоёл, “Хурд-Эрдэнэт” клубын тамирчин СМ Э.Сайханбилэг, “Шилийн богд” клубын тамирчин М.Баясгалан нар удаалав. 

Бөөндөө бариалсан тамирчдад нэг ижил цаг бичдэг тул эхний гараанд тасархай түрүүлсэн Д.Халиунболд шилдэг залуу дугуйчны цагаан цамцаа хадгалсан хэвээр байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна