Мэдээллээ хамгаалах нь шүдээ угаахтай адил өдөр тутмын дадал байх ёстой

Zuv.mn
2 цаг 28 минутын өмнө

Өглөө босоод шүдээ угаадаг шиг хувийн мэдээллээ хамгаалах нь ч өдөр тутмын, тогтмол хийдэг дадал болох ёстой юм. Хэрвээ бид шүдээ угаахгүй удвал цоорох, өвдөх эрсдэлтэй бол хувийн мэдээллээ хамгаалахгүй бол санхүүгээрээ хохирох, нэр хүндээ алдах, бүр гэмт хэрэгт ч холбогдож болзошгүй.

Хувийн мэдээлэл гэж юу вэ?

Хувь хүнийг шууд болон шууд бусаар таних, баталгаажуулах боломжтой бүх төрлийн өгөгдлийг “хувийн мэдээлэл” гэж нэрлэдэг. Энэ нь таны нэр, төрсөн он, сар, өдөр, регистрийн дугаар, оршин суугаа хаяг, утасны дугаар, цахим шуудан, байршлын мэдээлэл зэрэг юм. Харин эмзэг мэдээлэлд илүү нарийн, өндөр хамгаалалт шаардлагатай буюу таны яс үндэс, угсаа гарал, улс төрийн үзэл, эрүүл мэндийн түүх, биометрик өгөгдөл, бэлгийн чиг хандлага, ял эдэлж байсан эсэх зэрэг мэдээлэл орно.

Яагаад хамгаалах ёстой вэ?

Цахим гэмт хэрэгтнүүдийн арга техник өдөр ирэх тусам нарийсаж, илүү боловсронгуй болсоор байна. Тэд таны регистрийн дугаар, утасны дугаар зэрэг мэдээллийг олж авч, цахим тоглоомын сайт, хууль бус мөрийтэй тоглоом, сугалаа тохирол гэх мэт олон талбарт ашиглаж болзошгүйн дээр цаашлаад таны интернэт банк руу нэвтрэн, санхүүгийн ноцтой хохирол учруулах эрсдэлтэй.

Сүүлийн үед банкны нэрийг барьсан хуурамч мессеж иргэдийн гар утсанд илгээж, залилах тохиолдол гарах болсон. Гол нь тухайн хүнийг линк дээр даруулснаар мэдээллийг нь хуулж олж авах зорилготой. Иймд хэрэв танд ийм мессэж ирвэл линк дээр даралгүй тэр даруй шууд устгаарай. Мөн банк хэзээ ч харилцагчийн нууцлалтай мэдээлэл буюу интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг оруулахыг шаардсан хүсэлт илгээдэггүйг онцгойлон санаарай.

Өдөр тутамдаа мэдээлэл хамгаалах 7 дадал

  1. “Миний мэдээллийг ямар зорилгоор ашиглах вэ?” гэж асууж сур – Аливаа үйлчилгээний байгууллага, хувь хүнд мэдээллээ зайлшгүй өгөх тохиолдолд ямар зорилгоор авч буйг тодруул.
  2. Нууц үгээ тогтмол шинэчил – Ялангуяа цахим банк, и-мэйл, сошиал платформуудын нууц үгийг улирал тутам солих.
  3. Нэвтрэх нэр, нууц үгээ хэнтэй ч бүү хуваалц – Хэнд ч, ямар ч шалтгаанаар бүү дамжуул.
  4. Сэжигтэй холбоос дээр бүү дар – Мессэж, и-мэйл, чатын линк дээр дарахаасаа өмнө нягтал.
  5. Олон нийтийн сүлжээнд хувийн мэдээллээ хязгаарла – Байршил, гэр бүлийн байдал, хөрөнгийн талаарх мэдээллээ нээлттэй тавихгүй байх.
  6. Давхар танин баталгаажуулалт ашигла – Two Factor Authentication хамгаалалт нь нууцлалыг нэмэгдүүлэхэд тусална.
  7. Хувийн төхөөрөмжөө хамгаал – Гар утас, компьютертоо нууц код, хурууны хээ, нүүр таних тохиргоо хийгээрэй.

Хувийн мэдээлэл хамгаалахтай холбоотой видео зөвлөмжтэй ЭНД дарж танилцаарай.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна