Спортын өсөлтийг дэмжигч ХААН Банк Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоотой хамтран ажиллах гэрээ байгууллаа. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд ХААН Банкны нэрэмжит 3х3 өсвөрийн сагсан бөмбөгийн тэмцээнийг энэ жил олон улсын стандартын дагуу, илүү өргөн цар хүрээнд орон даяар зохион байгуулж байна. Тус тэмцээн гурван шаттайгаар 2025 оны 8-р сарын 31-нийг хүртэл үргэлжилж аваргуудаа тодруулах юм.
“Спорт гэдэг нь авьяасаа харуулах талбар төдий бус, харин багаар ажиллах, хамт олноо урамшуулах, нэгнээ дэмжих үнэт ур чадварыг төлөвшүүлдэг онцгой орчин юм. ХААН Банк 2021 онд 21 аймаг, Зүүнхараа, Замын-Үүд болон нийслэлийн найман дүүрэгт сагсан бөмбөгийн 3х3-ын жишиг талбай байгуулж, түүнээс хойш намар бүр өөрийн нэрэмжит тэмцээнээ зохион байгуулж ирсэн. Харин энэ жилээс Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоотой хамтран ажилласнаар энэхүү санаачилгаа олон улсын стандартын түвшинд шат ахиулж, илүү өргөн хүрээнд хэрэгжүүлж байгаадаа бид баяртай байна” хэмээн НҮБ-ын Хүүхдийн сангийн элч, ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа онцоллоо.
Үндэсний тэргүүлэгч банк ХААН Банк нийгмийн хариуцлагын хүрээнд Монголын сагсан бөмбөгийн спортыг байнга дэмжсээр ирсэн. Тодруулбал, 2015 оноос хойш NBA-ийн шууд дамжуулалтыг Монголын үзэгчдэд хүргэхэд ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байсны дээр 2024-2025 оны Оюутны лигийг дэмжин ажилласан билээ. Мөн өнгөрсөн оноос Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн Бишрэлт Металл багийг ивээн тэтгэж, дотоодын клубийн хөгжилд ч бодитой хувь нэмэр оруулсаар байна.
Ийнхүү спортын хөгжил, хамтын өсөлтийн төлөө ХААН Банк Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоотой хамтран ажиллахаар боллоо. ХААН Банк цаашид ч Монголын сагсан бөмбөгийн спортыг бүх түвшинд тогтвортой дэмжиж, ирээдүйн тив, дэлхийн аваргууд төрөн гарахад хувь нэмрээ оруулсаар байх болно.
Спортын өсөлтийг дэмжигч - ХААН Банк
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна