Балбын удирдагчдын хувь тавиланг эргүүлсэн залуусын бослого

Zuv.mn
4 цаг 7 минутын өмнө

Эхлээд Шри Ланкад, дараа нь Бангладеш өнөөдөр Балбад иргэд нь босч, олон нийтийн хөдөлгөөн өрнүүлээд байна.


Эдгээр тэмцэл, бослогийн гарах болсон нийтлэг шалтгаан нь авлига, ажилгүйдэл, үнийн өсөлт, буруу удирдлагаас үүдэлтэй эдийн засгийн хямрал.

Үндсэндээ төрийн өндөр алба хашиж буй эрх баригчдын авлига, тэдний гэр бүлийн хэт тансаглал, эрх мэдлээ урвуулан ашиглах гэмт хэргийн эсрэг иргэд нь нэгджээ гэж харж болохоор байгаа юм.

Эсэргүүцлийн жагсаал, хөдөлгөөний хөдөлгөгч гол хүч, манлайлал нь залуучууд байна.

Товчхондоо, залуус төрдөө итгэх итгэлгүй болсон дээр нэмээд эсэргүүцсэн олныг хамгаалах учиртай хэвлэл, шүүх, хүчний байгууллага нь иргэдийг бус харин эрх баригчдыг хамгаалсан дүр зураг “гал дээр тос асгаж” өнөөдөр байдал улам хурцадсаар байна.

Сүүлийн мэдээгээр Балбын Ерөнхий сайд КП Шарма Оли жагсагчидтай цагдаа нар мөргөлдсөний улмаас 22 хүний аминд хүрсэн олон нийтийн дургүйцлийн улмаас огцорлоо.

Жагсагчид парламентын болон бусад албаны барилгуудын хана руу нулимс асгаруулагч хий, усан буу, амьд сум ашигласан цагдаа нартай мөргөлдсөний улмаас 200 шахам хүн шархадсан гэж үзэж байна. Шархадсан хүмүүсийн олонх нь олон хүн цугларсан орон нутгийн эмнэлгүүдэд хүргэгджээ.

Улмаар жагсагчид нийслэл Катманду дахь парламентын байрыг шатааж, өтгөн хар утаа тэнгэрт дэгдэв. Засгийн газрын байр, улс төрийн удирдагчдын байшингууд улс даяар халдлагад өртжээ.

Өчигдөр орой Балбын армийн командлагч генерал Ашок Раж Сигдел мэдэгдэл хийж, жагсагчдыг өнөөгийн хямралыг далимдуулан төрийн болон хувийн өмчийг сүйтгэж, дээрэмдэж, галдан шатааж байна гэж буруутгав.

Хэрэв эмх замбараагүй байдал үргэлжилсээр байвал "Балбын арми зэрэг аюулгүй байдлын бүх байгууллагууд нөхцөл байдлыг хяналтандаа авахыг эрмэлзэж байна" гэж мэдэгдэлд дурджээ.

Үүний зэрэгцээ генерал Ашок Раж Сигдел эсэргүүцэгчдийг Балбад сүүлийн хэдэн арван жилд тохиолдсон хамгийн аймшигт үймээн самууныг шийдвэрлэх арга замыг олохын тулд яриа хэлэлцээнд оролцохыг урьсан байна.

Асуудал иймдээ тулсан бас нэг шалтгаан нь тус улсын удирдлагууд огцруулах шаардлагыг биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл, удирдагчид нь сайн дураараа суудлаасаа буугаагүй, харин эсэргүүцлийн хөдөлгөөнийг хүчээр дарахаар заналхийлсэн нь өнөөдрийн нөхцөл байдалд хүргээд байна гэж дүгнэж болохоор байгаа юм.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.31.204
    23 минутын өмнө

    МАН мафи тэр бумаар нь иддэг бсан бол одоо их наядаар нь идэх болсон.Тэд бүр хаадын дайтай амьдарч үр хүүхдүүд нь хаандын

    Хариулах
  • 157.15.7.113
    1 цагийн өмнө

    Монгол ч Балбаас ялгарах зүйлгүй, авлига хээл хахууль, албан тушаалын тансаглал хэрээс хэтэрсэн. Тэгж байгаад тэсрэх л байх даа

    Хариулах