Британийн Ерөнхий сайд Сэр Кир Стармер өчигдөр мэдэгдэл хийж, Британи улс Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрснөө зарлалаа. Түүний өмнө Канад, Австрали улсууд мөн Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөөд байсан бөгөөд Канад, Британи улсуууд “Их долоо”-гийн бүлгээс Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн анхдагчид болцгоов.
Британийн тухайд, өнгөрсөн долдугаар сард Израильд хандаж, Палестинтай Газын зурваст гал зогсоох, урт хугацааны, найдвартай энх тайван тогтоох хэлэлцээрийг эхлүүлж, бодитой үр дүнд хүргэх шаардлага тавин, биелүүлэхгүй тохиолдолд одоогийн байр сууриа өөрчилнө хэмээн сануулж байсан юм.
ВВС агентлагийн мэдээлэлд “Израиль улс Газын зурваст хуурай замын цэрэг оруулсан нь Британийн өмнө тавьсан шаардлагыг үл тоосны илэрхийлэл гэж үзсэн тул Британи улс энхийг тогтоох үйл явцыг дэмжих хамгийн том алхам бол Палестины тусгаар тогтнолыг улс орнуудын Засгийн газрууд хүлээн зөвшөөрөх явдал гэж үзсэн тул ийм шийдэлд хүрчээ” хэмээн дурдсан бөгөөд Кир Стармерын мэдэгдэл энэ агуулгыг бүрэн бататгасан байна.
Гэхдээ тэрбээр Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн нь ХАМАС бүлэглэлийг хүлээн зөвшөөрсөн хэрэг биш бөгөөд тэд ирээдүйд байгуулдагдах Палестины улсыг удирдахад оролцохгүй гэж онцолжээ.
Кир Стармерыг мэдэгдэл хийснээс хэдэн цагийн дараа Португалын Гадаад харилцааны сайд Паулу Ранжеп мөн мэдэгдэл хийж, Палестиныг тусгаар улс хэмжээн хүлээн зөвшөөрч байгаагаа зарлажээ.
Британи, Канадын энэхүү үйлдэл нь Европыг ОХУ-д хаяж өгөн, өөрсдөө Каналыг нэгтгэж, "тивээрээ талцах" АНУ-ын санаархалд өгсөн хариу гэж шинжээчид үзэж байна.
Мэдэгдэл хийхээс өмнө Кир Стармер АНУ-д айлчилж, Д.Трамптай уулзсан бөгөөд тэр үед Д.Трамп Палестины асуудлаар Кир Стармераас өөр бодолтой байгаа гэдгээ илэрхийлж байсан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна