Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун Чойр-Мандалговь-Арвайхээр чиглэлийн хэвтээ тэнхлэгийн замыг үргэлжлүүлэх төсвийг тусгах асуудлыг анхаарч шийдэж өгнө үү хэмээн мэдэгджээ.
Тэрбээр, "Монгол Улсын Их хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Сангийн сайд Б.Жавхлан, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болон Говийн бүсээс УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүдийн анхааралд.
Чойр-Мандалговь-Арвайхээр чиглэлийн хэвтээ тэнхлэгийн 504.29 км авто замаас 2024-2025 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 3 байрлалд нийт 24,6км урт, 53,975.5 тэрбум төгрөг бүхий авто зам баригдаж байна. Гэтэл 2026 оны улсын төсвийн төсөлд энэхүү замыг үргэлжлүүлэх хөрөнгө оруулалт огт тусгагдаагүй байгаа нь одоо хэрэгжиж буй дээрх 24,6 км авто зам эдийн засгийн үр өгөөжгүй, авто замын хөдөлгөөнийг бүрэн нэвтрүүлэх чадвар алдагдаж, замын бэлэн байдал хангагдахгүй 3 өөр газар арав хүрэхгүй км хатуу хучилттай авто зам эхлээд хаягдах нөхцөл үүсч, улсын төсвийн 53,975.5 тэрбум төгрөг үргүй зарцуудлагдах эрсдэл гарах магадлалтай байна.
Иймд “Чойр-Мандалговь-Арвайхээр чиглэлийн хэвтээ тэнхлэгийн авто зам”-ын үлдэгдэл 479.6км авто замыг үргэлжлүүлэн барих санхүүжилтийг 2026 оны Улсын төсөвт тусгах шаардлагатай байна.
Тус авто зам ашиглалтад орсноор Замын-Үүд хилийн боомтоор орж ирэх ачаа бараа, тээврийн эргэлт Улаанбаатар хотоор дамжих шаардлагагүй болж, Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай аймгаар дамжин, баруун аймаг чиглэлд зорчих тээврийн зайг 200-400 орчим км дөтлөж, цаг хугацаа, түлш шатахууныг хэмнэж, баруун бүсэд бараа материалын үнэ буурах, иргэдийн худалдан авах чадварт эерэгээр нөлөөлөх зэрэг эдийн засгийн чухал ач холбогдолтой юм.
Иймд та бүхэн 2026 оны улсын төсөвт хэвтээ тэнхлэгийн замыг үргэлжлүүлэх төсвийг тусгах асуудлыг анхаарч өгнө үү" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна