Франц улс Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрлөө

Zuv.mn
2 цаг 22 минутын өмнө

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон улс нь Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч байгаагаа зарлалаа. Тэрбээр НҮБ-ын ивээл дор, Франц, Саудын Арабын оролцоотойгоор зохион байгуулж буй Палестины асуудлыг шийдвэрлэх гарц хайх өндөр түвшний олон улсын бага хурлын үеэр энэ талаараа мэдэгдсэн байна.

Тэрбээр мэдэгдлийнхээ үеэр "Газын зурвас дахь дайныг зогсоох цаг ирлээ. Ойрхи Дорнодод шударга, урт удаан энх тайван тогтоох нь олон улсын хамтын нийгэмлэгийн хамтын хариуцлага юм" гээд, хүлээх нь сонголт биш, одоо дахиж хүлээх ямар ч боломжгүй болсон гэж онцлон тэмдэглэжээ.

Мөн Франц улсын энэ шийдвэр нь Израиль улсын хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй, харин Палестины ард иргэдийн хууль ёсны эрхийг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг гэдгийг онцолжээ.

Францаас өмнө Канадын Ерөнхий сайд Марк Карни, Австралийн Ерөнхий сайд Энтони Албанез, Британийн Ерөнхий сайд Кир Стармер болон  Португалын Гадаад харилцааны сайд Пауло Рангел нар Палестиныг хүлээн зөвшөөрснөө зарласан бөгөөд бид тухайн цаг үед нь мэдээлсэн билээ.

Ясир Арафат 1988 онд Палестин улсыг тунхагласнаас хойш өнөөдрийг хүртэл НҮБ-ын гишүүн 193 улсаас 152 нь тус улсыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэхдээ өмнө нь ОХУ тэргүүтэй улсууд, гуравдагч ертөнцийнхөн л хүлээн зөвшөөрдөг байсан бол энэ удаад барууны ертөнцийн хүчирхэг төлөөллүүдэд хүлээн зөвшөөрөгдөж байгаа нь онцлог юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна