НҮБ-ын 80 жилийн ойд зориулсан чуулганы үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп тус байгууллагын үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, “Ерөнхийлөгч болсноосоо хойш долоохон сарын дотор өмнө нь зогсох ямар ч боломжгүй гэгдэж байсан долоон дайн, мөргөлдөөнийг зогсоосон” гээд, “АНУ тэдний өмнөөс олон улсын дэг журмыг сахиулж байгаа нь харамсалтай байна” хэмээн дурдсан билээ.
“Энэ нь АНУ НҮБ-аас гарах уу”, “Гол санхүүжүүлэгчээ алдсан НҮБ цаашдаа оршин тогтнох уу” гэсэн асуултыг зүй ёсоор тавихад хүргэж буй.
Тэгвэл энэхүү асуултад ОХУ-ын ШУА-ийн Аюулгүй байдлын шинжээч К.Блохин хариулжээ.
Тэрбээр “АНУ шүүмжлэл хэлж байгаа нь тэд НҮБ-аар хүссэн шийдвэрээ гаргуулж чадахаа больсонтой холбоотой. Хоёрдугаарт, НҮБ дотор АНБУ-ын гол холбоотон Израилийг дэмжигчид цөөрсөн. Гэсэн ч НҮБ-ыг орхиж гарах магадлал маш бага. Тэгж гэмээ нь нөлөөллөө улам л алдана гэсэн үг.
НҮБ-ыг авч явах зардал өндөр тусаж байгаа гэдгийг ч “Том шалтгаан биш. НҮБ-ын 2025 оны төсөв дөрвөн тэрбум орчим ам.доллар болсон. АНУ-ын баян хүн болох Илон Маскийн хөрөнгө 400 тэрбум ам.доллар. Хүсвэл тэр НҮБ-ыг 100 жил хувийнхаа хөрөнгөөр санхүүжүүлэх боломжтой гэсэн үг. Гэтэл тэр АНУ-ын баячуудын ердөө л нэг нь, тэнд өөр баячууд бий” гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна