Д.Трамп Венесуэлийг бөмбөгдөхөөр төлөвлөж, Н.Мадуро иргэдээ зэвсэглэж байна

Zuv.mn
16 цаг 29 минутын өмнө

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп ойрын хугацаанд Венесуэлийн нутагт агаараас цохилт өгөх тушаал гаргаж магадгүй байгаа талаар NBC News мэдээлжээ. Мэдээлэлд бичсэнээр, АНУ-ын БХЯ цохилтын төлөвлөгөөгөө аль хэдийнэ боловсруулаад эхэлсэн бөгөөд эхний ээлжинлд нисгэгчгүй онгоц буюу дрон ашиглахаар болсон гэсэн байна. Шалтгаанаа харин Венесуэльд үзүрлээд байгаа хар тамхины картелиудтай тэмцэхийн тулд гэж тайлбарлах гэнэ.

Венесуэлийн тухайд, Ерөнхийлөгч Н.Мадуро АНУ-ын Ерөнхийлөгчид хандан, хар тамхины картелиудтай хамтран тэмцэхийг санал болгож, Д.Трамп сүүлийн үед байнга ярих болсон “Tren de Aragua” хэмээх хар тамхины мафийн толгойлогчдыг олж барина гэж амлалт өгсөн ч Вашингтон хамтран ажиллахаас татгалзаж, Н.Мадурог өөрөө энэ хар тамхины мафиудыг өөхшүүлдэг, үйл ажиллагаанд нь оролцдог гэж мэдэгдсэн юм.

Вашингтон ийнхүү хамтын ажиллагааг няцаахын хамт Тэнгисийн цэрэг нь Карибын тэнгист Венесуэлийн хөлөг онгоцууд руу байнга довтолж байгаа бөгөөд одоогоор 17 хүн нас бараад байгаа  аж. 

Тиймээс Н.Мадуро Д.Трамп улсад нь цохилт өгөх гэж байгааг санаатай үйлдэл, хар тамхины мафи бол зүгээр шалтаг гэж мэдэгдээд, улс орныхоо эрх ашгийг хамгаалахаа илэрхийлжээ. Сүүлд гарсан мэдээллээр, Н.Мадуро БХЯ-ны сайддаа орон нутгийн өөрийгөө хамгаалах бүлгүүдийг бий болгох тушаал өгч, иргэдээ зэвсэглэж эхэлсэн бөгөөд энэ тушаалын дагуу салбар яам нь иргэдээ эр, эм гэлтгүй буу зэвсэг эзэмших сургалтад хамруулж байгаа аж.

“Бид буу зэвсэг эзэмшиж сурч байж өөрийгөө, гэр бүлээ, эх орноо хамгаалж чадна. Бүгд чадварлаг дайчид болсон байхад харийнхан манай газар нутагт сантиметр ч нэвтэрч чадахгүй” гэж тэрбээр сурталдаж байгаа талаар ВВС агентлаг мэдээлсэн байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна