Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих баруун бүсийн цогц арга хэмжээ өнөөдөр Баян-Өлгий аймагт “ABILITY EXPO” нээлттэй өдөрлөгөөр эхэллээ.
Энэхүү экспо арга хэмжээ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн эрх тэгш оролцоог хангах, тэдгээр иргэдийн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн технологийн шийдлүүдийг танилцуулдаг бөгөөд өмнө нь хангайн бүс, говийн бүсэд зохиогдож байсан бол энэ удаа баруун бүсийн таван аймгийг хамруулан Баян-Өлгий аймагт зохион байгуулж байгаа юм.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам 2025 оныг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарлаж ХАМГИЙН САЙН ХАЛАМЖ-ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ зорилтыг дэвшүүлсэн. Энэ хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, боломжийг тэгш хүртээхийн төлөө ажиллаж байна.
Арга хэмжээний үеэр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, сэргээн засах тусламж үйлчилгээ хүргэх, зөвлөгөө өгөх, Протез, ортопед, тусгай хэрэгслийн зөвлөгөө өгөх, захиалга авах, Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх, Мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсан иргэдэд эрүүл мэндийн зөвлөгөө өгөх, ХЭДС-аас санхүүгийн дэмжлэг авсан хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болно.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, түүний харьяа Нийгмийн даатгалын Ерөнхий газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга нар тус арга хэмжээнд оролцож, салбарын хууль тогтоомж, дүрэм журмын талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх, үйл ажиллагаагаа сурталчлах, өргөдөл гомдолд шуурхай хариу өгөх, асуудлыг газар дээр нь шийдвэрлэх арга хэмжээ авч буйгаараа онцлог болж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна