Гадаадын иргэнд үзүүлэх виз, зөвшөөрлийн үйлчилгээ бүрэн цахимжиж, үйлчилгээ хялбар, шуурхай болсон хэдий ч Монгол Улсын виз, визийн зөвшөөрлийг хуурамчаар үйлдэх тохиолдлууд гарч байгаа талаар Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ.
Тухайлбал, Бүгд Найрамдах Бангладеш Улсын нэр бүхий иргэд уригч байгууллагын нэр ашиглан өмнө нь олгогдсон визийн зөвшөөрлийн иргэний нэр, паспортын мэдээллийг өөрчлөх, хуурамч холбоос үүсгэх зэргээр зөвшөөрлийг хуурамчаар үйлдсэн нь тогтоогдсон байна.
Иймд гадаадын иргэд виз, визийн зөвшөөрөлтэй холбоотой залиланд өртөхөөс урьдчилан сэргийлж, мэдээллийг зөвхөн Гадаадын иргэн, харьяатын газрын албан ёсны цахим хуудас https://immigration.gov.mn/ болон визийн зөвшөөрлийн системийн домэйн https://isf.mn/ хаягаас шалгахыг зөвлөлөө. Мөн хууль бус виз зуучлагч нарт хандахгүй байхыг анхаарууллаа.
Гадаадын иргэнд виз олгохыг зөвшөөрсөн баримт бичгийг олон улсын хилийн боомт болон Монгол Улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газрууд нэгдсэн системээр шалгаж, хяналт тавьдаг.
Иймээс хуурамч баримт бичиг үйлдэн улсын хилээр нэвтрэх боломжгүй бөгөөд гадаадын иргэд болон тэднийг уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд аливаа хууль бус үйлдэл гаргахгүй, түүнд өртөхгүй байхыг сэрэмжлүүллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна