Багш нар: Багш мэргэжлийг сонгоод шийтгүүлж байгаа юм шиг гүрийж амьдармааргүй байна​

Х.Есү
2 цаг 43 минутын өмнө

Багш нар цалингийн доод хэмжээг нэмэгдүүлэхийг шаардаж төв талбайд тав дахь өдрөө суулт зарлаж байна.

Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны зүгээс багш нарын үндсэн цалинг 3.5 сая төгрөг болгох шаардлага тавьж буй. Үндсэн цалинг ингэж нэмэгдүүлэхэд жилд 3.3 их наяд төгрөг шаардлагатай гэсэн тооцооллыг Боловсролын яам гаргажээ. Улсын төсөвт ийм боломж хомс тул багш нарын цалинг тодорхой үе шаттай нэмэгдүүлж, 2028 онд үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэх боломжтойг салбарын сайд хэлсэн юм.

Бид талбай дээр суулт зарлаад буй багш нарын төлөөллөөс авч буй цалин нь амьдралд нь хүрэлцдэг эсэх талаар зарим зүйлсийг тодруулсан юм. Ийнхүү тэндний байр суурийг хүргэе.

20 жил ажилласан багш: Би боловсролын байгууллагад 20 ажил ажиллаж байна. Бага ангийн багш мэргэжилтэй. Сард би нэмэгдлээ авлаа гэхэд татвараа 1.5 сая төгрөгийн цалин авдаг. Зээлээ төлөөд үлдсэн 500 мянган төгрөгөө сардаа хүргэх гэж хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж л амьдарч байна даа.

Өнөөдөр Монголд зээлгүй багш гэж байхгүй шүү дээ. Заримдаа миний цалин хасахтай заадаг. Тэгэхээр зээлээ ч төлж чадахгүй үе байдаг.

Багш н.Саруулбуян: "Би багаасаа хүсэж мөрөөдсөн багш мэргэжлээ сонгосон нь алдаа байсан гэж бодмооргүй байна. Шийтгүүлж байгаа юм шиг гүрийж амьдармааргүй байна. Тэгээд бас шантарч энэ ажлаа хаямааргүй байна. Тийм болохоор л цалингаа нэмүүлэхийг шаардаад сууж байна. Би өөрөө хүүхэдтэй. Хүүхдүүддээ олигтой цаг зарцуулж чадахгүй, тийм л байна даа. 

Залуу багш: Багш нарын цалин хаанаа ч хүрдэггүй. Ажлаа тараад таксинд явж, амралтын өдрөөр барилга дээр ажиллаж байж гэр бүлээ тэжээж хоолоо залгуулж байна. Хүүхдүүд өвдсөн үед хүртэл эм тарианых нь мөнгийг авч чадахгүй байна шүү дээ. Ер нь ийм цалинтай байвал цаашдаа багш гэдэг мэргэжлээрээ ажиллах уу үгүй юу гэж бодож байна. Хэцүү л байна даа. 

Залуу багш н.Чинтогтох: Сард чүү ай сая төгрөгийн цалин авдаг. Тэрнээсээ 800 мянган төгрөгийг байрны түрээсдээ төлөөд 200 мянган төгрөгөөр бүтэн сар амьдрах шаардлага гардаг. Шантарч байна

Залуу багш н.Чинтогтох: Сард чүү ай сая төгрөгийн цалин авдаг. Тэрнээсээ 800 мянган төгрөгийг байрны түрээсдээ төлөөд 200 мянган төгрөгөөр бүтэн сар амьдрах шаардлага гардаг. Шантарч байна. Хүмүүс залуу хүн юм чинь зарлагагүй амьдардаг байх гэж боддог. Бусадтай л адил идэж ууж хэрэглэдэг шүү дээ. Хойд хормойгоороо урд хормойгоо нөхөөд л амьдарч байна. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна