Монгол Улс 70 сая малтай учраас мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх, малын гаралтай түүхий эдийг боловсруулах нь нэн чухал. Тиймдээ ч мал аж ахуйн салбарыг кластераар хөгжүүлж, малын гаралтай түүхий эдийг үнэ цэнд оруулах зорилгоор “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийг Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төсөлд багтаан, үе шаттай хэрэгжүүлж байна.
Эмээлтэд аж үйлдвэрийн парк байгуулна гэж 15 жилийн өмнөөс яригдсан ч 2024 оны аравдугаар сарын 3-нд тус паркийн Бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төвийн дөрвөн давхар барилгыг ашиглалтад оруулснаар ажил эрчимтэй явж эхэлсэн. 2025 оны наймдугаар сард тус паркийг эрчим хүчээр хангах “Дулааны цахилгаан станц болон цэвэрлэх байгууламж”-ийг барьж байгуулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, (EPC+F) гэрээг байгуулсан. Кластер парк нь хотын төвөөс 30 км зайд Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Шар хөвийн хоолойд 539 га талбайд баригдах юм.
Өнөөдрийн байдлаар эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл авах хүрээнд БОННҮ-ний ажил хийгдэж буй бөгөөд ажлын явц 70 хувьтай байна. Инженерийн дэд бүтцийн ажлуудад төсвийг шинэчилж, магадлалын ерөнхий дүгнэлтийг гаргаж байгаа юм. Энэ талаар "Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК-ийн ерөнхий инженер Т.Батдондог “Эмээлт эко аж үйлдвэрийн паркийг зүүн, баруун гэсэн хоёр бүстэй байгуулна. Зүүн бүсэд ноос ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэрүүд байрших бөгөөд тус бүсийн үйлдвэрүүдийн дэд бүтцийн шугам сүлжээ, үерийн далан, мэдээлэл холбооны далан, мэдээлэл холбооны сүлжээ зэрэг инженерийн байгууламжийн ажлын зураг төслийг боловсруулж байна. Харин баруун бүсэд мах махан бүтээгдэхүүн, дайвар бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүд байршина. Зураг төсөл боловсруулах ажил хийгдэж эхэлсэн” гэв.
Төслийн хүрээнд 24 МВт дулааны цахилгаан станц, хоногт 6700 метр.куб хүчин чадалтай цэвэрлэх байгууламж, 12.5 км авто зам, үерийн хамгаалалтын байгууламж, хоёр усан сан, инженерийн шугам сүлжээг барьж байгуулна.
Эмээлт эко аж үйлдвэрийн парк нь жилд 7.5 сая ширхэг арьс шир, 3 мянган тонн ноос, 5.8 мянган тонн ноолуур, 25 мянган тонн мах, 8 мянган тонн дайвар түүхий эдийг боловсруулах хүчин чадалтай. Ингэснээр Монгол Улсын малын гаралтай нийт түүхий эдийн 43.5 хувийг боловсруулах бөгөөд 5600 ажлын байр шинээр бий болох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна