Монгол цэргийн нэгдсэн холбоо (МЦНХ) нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албатай байгуулсан “Хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хүрээнд “Үндэсний аюулгүй байдлын сургагч багш бэлтгэх” сургалтын нэгдүгээр шатыг өнөөдөр (2025.11.11) МЦНХ-ны хурлын танхимд зохион байгууллаа.

Сургалтын зорилго нь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахмадын хороод, төрийн бус байгууллагуудын дэргэд ажиллах “Үндэсний аюулгүй байдлын сургагч багш”-ийг бэлтгэж, үндэсний хэмжээнд аюулгүй байдлын боловсролыг түгээн дэлгэрүүлэх, иргэдэд эх оронч үзэл хүмүүжил төлөвшүүлэхэд гар бие оролцох явдал юм.
Сургалтад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахмадын хороод, төрөл мэргэжлийн төрийн бус байгууллагууд, салбар холбоодоос нийт 30 гаруй суралцагч хамрагдав.

Сургалтад оролцогчдод хандаж МЦНХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, дэслэгч генерал Ц.Тогоо хэлсэн үгэндээ төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчид, ахмад дайчид иргэдийн аюулгүй байдлын боловсролыг дээшлүүлэх, тэдэнд эх оронч үзэл хүмүүжил төлөвшүүлэх үйлсэд чухал үүрэг гүйцэтгэхийг онцлон тэмдэглэв.

Өдрийн турш үргэлжилсэн сургалтаар “Үндэсний аюулгүй байдлын тухай ойлголт” (доктор Ч.Сосорбарам), “Уламжлалт ба уламжлалт бус аюулгүй байдал”(доктор О.Үржин), “Хүний аюулгүй байдал, сэтгэл зүйн тулгамдсан асуудал” (доктор Ж.Цогтсугар), “Кибер аюулгүй байдал үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх нь” (доктор Н.Баатархуяг), “Хиймэл оюун, хөгжлийн чиг хандлага” (доктор Б.Хандсүрэн), “Эх оронч үзэл ба үндэсний аюулгүй байдал” (доктор Ц.Минжин), “Сургагч багшийн ур чадвар, харилцаа ба манлайлал” (доктор А.Малайка) зэрэг лекцүүдийг уншиж, оролцогчид үндэсний аюулгүй байдлын тухай ойлголт, хүний аюулгүй байдал, кибер орчны эрсдэл, эх оронч үзлийн хүмүүжил, сургагч багшийн ур чадвар зэрэг сэдвийг судалж, харилцан санал солилцов.

Сургалт нь ахмад дайчдын туршлага, залуу үеийн мэдлэгийг хослуулан үндэсний аюулгүй байдлын боловсролыг бүх түвшинд түгээх эхлэл болж байгаа бөгөөд цаашид шат дараалан үргэлжлэн явагдах юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна