Баянгол дүүргийн удирдлагууд өндөр настан С.Жигмэдсүрэнд хүндэтгэл үзүүллээ

Х.Есү
2025/10/17

Баянгол дүүрэгт нийт 28,651 ахмад настан бүртгэлтэй байдгаас 90-ээс дээш настай 464 ахмад настан, 100 болон түүнээс дээш настай 10 ахмад настан оршин сууж байна. Энэ жил Баянгол дүүргийн түүхт 60 жилийн ой тохиож буйтай холбоотойгоор дүүргийн удирдлагууд ахмад настнуудад хүндэтгэл үзүүлж байна.

Энэ хүрээнд дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, орлогч Д.Мөнхбаатар нар өнөөдөр дүүргийн 1 дүгээр хорооны оршин суугч, өндөр настан С.Жигмэдсүрэнд хүндэтгэл үзүүлж, Баянгол дүүргийн 60 жилийн ойн медалийг гардуулж өглөө. Өдгөө 103 насыг зооглоод буй С.Жигмэдсүрэн гуай Завхан аймгийн уугуул. Багш мэргэжилтэй. Багшийн сургууль, МУИС, Москва хотод тусгай курс, Удирдах ажилтны дээд курсийг тус тус төгссөн. 1940-1957 онд бага сургуулийн багш, захирал, гэгээрлийн байцаагчаар, 1962 онд Шинжлэх ухааны академи, Үндэсний архивт судлагч орчуулагч, 1964-1988 онд НАХЯ, Хилийн цэргийн 14, 20 дугаар отрядуудад тусгай ангийн дарга, монгол бичгийн багшаар ажиллаж байсан.

Улсад нийтдээ 65 жил ажилласан. Үүнээс 46 жил нь багшлахдаа 40 мянга гаруй хүнд монгол бичиг заасан бөгөд эрдэмтдийн захиалгаар 100 гаруй хэвлэлийн хуудас, манж хэл дээрх ном орчуулж, эрдэм шинжилгээ, судалгааны 20 гаруй ном бүтээн туурвисан байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна