ДОРНОД: Усан бассейн бүхий цогцолбор нээлтээ хийлээ

С.Гандэлгэр
1 цаг 10 минутын өмнө

Чойбалсан хотод улсын төсвийн 17,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 3800 метр квадрат талбай бүхий шинэ усан бассейн, 800 хүний суудалтай (бельтажийн хамт) спорт заал, бөхийн төрлүүд, бокс, бялдаржуулах болон хурлын танхимтай спорт цогцолборыг барьж, өнөөдөр нээлтээ хийлээ.

Нээлтэд Улсын Их Хурлын гишүүн Ш.Бямбасүрэн, Дорнод аймгийн ИТХ-ын дарга Г.Цолмон, аймгийн Засаг дарга Ш.Ёл болон сум, агентлаг, хэлтсийн дарга нар, Дорнод нутгаас спортын салбарт төрөн гарсан Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Галсанжамцын Пүрэв-Очир, Ёндонгийн Төмөрбатаа, Олимпын аварга Дамбадондогийн Баатаржав, олимп, дэлхийн хүрэл медальт, Азийн тоглолтын анхны аварга Дорж Нямбуугийн Отгондалай, дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Лутсайхан Алтанцэцэг, Монгол Улсын дархан мэргэн Дашнямын Бор-Охин зэрэг алдартнууд хүрэлцэн ирж оролцлоо.

Өнгөрсөн онд аймгийн орон нутгийн төсвийн 940 сая төгрөгийн хөрөнгөөр "Ахмад настны чөлөөт цагийн төв"-ийн барилгатай болсон бол энэхүү усан бассейн бүхий цогцолборыг залуучууд, нийт ард иргэдийн спортын ордон болгож, хуучин БТСГ-ын ордонг хүүхдийн спортын чиглэлээр ашиглахаар тус тус төлөвлөөд байна.

Манай Дорнод аймгийн баг тамирчид Монголын бүх ард түмний спортын анхдугаар наадмын волейболын төрөлд аварга болж, түүний шагналд 1963 онд анхны Биеийн тамир, спортын газрын заалны барилгыг барьж, ашиглалтад оруулж байсан бол 2011 онд орон нутгийн төсвийн давсан орлогын 750 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2 дахь буюу одоогийн БТСГ-ын барилга ашиглалтад орж байжээ. Тэгвэл өнөөдөр Улсын төсвийн 17,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар энэхүү ордон сүндэрлэж байна.

Ийнхүү Дорнод аймгийн иргэд усан бассейнд хичээллэх, чийрэгжих, цаашлаад манай аймгаас усан спортын тамирчид олноор төрж гарах, спортын бүхий л төрлүүдээр бүс, улс, Олон Улсын чанартай уралдаан, тэмцээн орон нутагтаа зохион байгуулах, тамирчдын маань ур чадвар ахиж, дээшлэх, чансаа нэмэгдэх боломж бүрдлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна