Монгол Улс дэлхийн өвийн хорооны гишүүнээр анх удаа ажиллахаар боллоо

Х.Есү
1 цаг 25 минутын өмнө

Монгол Улс ЮНЕСКО-ийн Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай 1972 оны конвенцын Дэлхийн өвийн хороонд 2026-2029 онд ажиллах гишүүний ээлжит сонгуульд нэр дэвшихээ 2024 онд зарлаж, Бүгд Найрамдах Франц Улсын нийслэл Парис хотноо хуралдсан ЮНЕСКО-ийн 42 дугаар чуулган, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо хуралдсан 43 дугаар чуулганы үеэр сонгуульд өрсөлдөх бэлтгэл ажлыг хангаж, конвенцын гишүүн улсуудтай хоёр талт уулзалтыг зохион байгуулж, санал солилцож, дэмжлэг хүсэж ажилласан билээ.

Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо нээлтээ хийж, хуралдсан ЮНЕСКО-ийн 43 дугаар Бага хурлын хаалтын хурал Бүгд Найрамдах Франц Улсын Парис хотноо 2025 оны 11 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд үргэлжлэн зохион байгуулагдаж байна. 

Тус чуулганы үеэр Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай 1972 оны конвенцын 25 дугаар Ерөнхий Ассамблей зохион байгуулагдаж, Дэлхийн өвийн хорооны гишүүний сонгуульд 5 суудлын төлөө 15 улс өрсөлдсөнөөс Монгол Улс нийт 97 улсын саналаар Дэлхийн өвийн хорооны гишүүнээр анх удаагаа сонгогдож, Дэлхийн өвийн хорооны гишүүнээр 2026-2029 онд ажиллахаар боллоо.

Сонгууль хоёр үе шаттайгаар явагдсан ба эхний шатанд бүс нутгийн бүлэг тус бүрт оногдсон суудлын төлөө санал хураалт явагдаж, I бүлгээс Швейцарь, II бүлгээс Азербайжан, III бүлгээс Гренада болон Перу, Va бүлгээс Того болон Танзани, Vb бүлгээс Кувейт улсууд сонгогдсон байна. 

Харин энэ шатанд сонгогдоогүй улсууд нээлттэй 5 суудлын төлөөх дараагийн шатанд оролцсон бөгөөд Ази, номхон далайн IV бүлэгт энэ жил суудал оногдоогүй тул Монгол Улс нээлттэй суудлын төлөө бусад 11 улстай өрсөлдөв. Нээлттэй суудлын төлөөх энэхүү санал хураалтаар Армени 105, Монгол Улс 97, Бангладеш 84, Чех 81, Польш 42 санал авч Дэлхийн өвийн хорооны гишүүнээр тус тус сонгогдлоо.

Монгол Улс ийнхүү нийт нэр дэвшигчдийн дундаас хоёрдугаар байрт шалгарсан нь манай улсын олон улсын нэр хүнд, нэгдсэн зохион байгуулалттай хийгдсэн нөлөөллийн ажил, тууштай бодлого, хамтын хичээл зүтгэлийн үр дүн болсон түүхэн амжилт юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна