Кока-Кола компани дэлхий даяар rPET савлалгааг үе шаттай нэвтрүүлж байна

Х.Есү
1 цаг 33 минутын өмнө

Өдөр тутамдаа бидний хамгийн олон давтамжтай хэрэглэдэг бүтээгдэхүүнүүдийг нэрлэвэл хуванцар савлагаатай хүнс, ундаа дийлэнх хувийг нь эзлэх нь лавтай. 

Гэртээ, ажил дээрээ, хөдөө гадаа гээд хаа саагүй шүүрч авдаг энэхүү хуванцар сав сүүлийн жилүүдэд дэлхий даяар өрнөж буй дахин боловсруулах хөдөлгөөний хамгийн чухал бэлгэ тэмдэг болоод буйг та мэдэх үү? 

Дахин боловсруулсан хуванцар болох rPET нь зөвхөн түүхий эд бус инновац болон хариуцлагатай хэрэглээний шинэ соёлын илэрхийлэл болоод байна.


Дэлхийн тэргүүлэгч компаниудын нэг Кока-Кола энэхүү үзэл баримтлалыг идэвхтэй хэрэгжүүлж, хог хаягдлын менежмент болон дахин боловсруулах дэд бүтцийг сайжруулах чиглэлд идэвхтэй ажиллаж байна. Өнгөрөгч оны байдлаар дэлхийн 200 гаруй улсад Кока-Кола брэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэж байгаагаас 64 улс дор хаяж нэг төрлийн бүтээгдэхүүнээ, харин 11 улс бүх брэндээ дахин боловсруулсан савлагаанд бүрэн шилжүүлээд байна. 

Ташрамд дурдахад, дээрх 64 орны 10 нь Япон, Хонг Конг, Тайвань, Макао, Вьетнам, Мяньмар, Индонез, Филиппин, Тайланд, Малайз гэсэн Ази тивийн орнууд аж. “Кока-Кола” компани 2035 он гэхэд бүх савлагааныхаа 75 хүртэлх хувийг буцаан цуглуулж, 30-35 хувь нь дахин боловсруулсан савлагаатай байх зорилтыг дэвшүүлээд буй. 


Эхнээсээ энэхүү зорилгыг давуулан биелүүлж, бүх төрлийн брэндээ 100% дахин боловсруулсан савлагаатай болгоод буй улсуудын нэг нь Норвеги юм. Тус улс 2023 онд барьцаат буцаалтын систем буюу Deposit Return System-ийн тусламжтай нийт үйлдвэрлэсэн ундаа, усны лаазныхаа 93%-ийг буцаан цуглуулж, дахин боловсруулалтад оруулж чадсан байна.

ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН ӨРГӨТГӨСӨН ХАРИУЦЛАГА

Энэ мэтчилэн дэлхийн олон орон дахивраа ангилж, түүнийгээ дахин боловсруулж, улмаар rPET хуванцарт савласан бүтээгдэхүүн өдөр тутамдаа хэрэглэх нь амьдралын энгийн дадал болжээ.  Энэхүү тогтолцоо нь хамтын хариуцлагын шинэ хандлага буюу “Үйлдвэрлэгчийн өргөтгөсөн хариуцлага” (EPR)-ын хүрээнд савлагааны амьдралын мөчлөгийг бүтээгдэхүүн борлуулснаар дуусах биш, харин үйлдвэрлэгч, савлагч, худалдаалагч, хэрэглэгч гээд бүх оролцогч талууд хамтдаа хариуцлага хүлээдэг шинэ соёлыг төлөвшүүлж буй юм.

Тэгвэл Монгол улс “Кока-Кола” системийн хэмжээнд Ази тивийн 11 дэх орон болж, хүнсний зориулалттай дахин боловсруулсан савлагаатай бүтээгдэхүүнийг хэрэглээнд нэвтрүүлэх боломжтой юу?

Манай улсын хувьд жилд 20 орчим мянган тн ундаа, усны хуванцрын хаягдал үүсдэг гэсэн тоо бий.

Эдгээрийг бүрэн хэмжээнд дахин боловсруулах хүчин чадалтай олон улсын стандартад нийцсэн “Ти Эм Эл Пластик” үйлдвэр 2021 онд ашиглалтад орж, хуванцар цуглуулалт буюу үйлдвэрийн түүхий эдийг бэлтгэн нийлүүлэх "Save Earth Save Life" компанийг мөн дэргэдээ байгуулсан байна. Өнгөрсөн оны байдлаар дэлхийн Кока-Кола компанийн Монгол дахь франчайзинг эрхийг эзэмшигч М-Си-Эс Кока-Кола компанийн хуванцар цуглуулалт 56 хувьд хүрч, түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн хүртэл Монголдоо 100% дахин боловсруулсан савлагаатай бүтээгдэхүүн худалдаанд гаргах бэлтгэл ажлаа хангаж буй аж. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна