Багахангай-Хөшигийн хөндийн төмөр замын бүтээн байгуулалтанд 2748 хүн ажиллаж байна

Х.Есү
2025/08/07

Ерөнхий сайд Г.Занданшатар, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал О.Батчулуун болон холбогдох албаны төлөөлөгчид өнөөдөр (2025.08.07) Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр зам барих төслийн бүтээн байгуулалтын ажлын явцтай газар дээр нь очиж танилцав.

Уг төмөр зам нь “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Багахангай өртөөнөөс салаалж, Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаар дайрч, Хөшигийн хөндий хүртэл 102.5 км урт үргэлжилнэ.Тус төмөр зам нь ачаа тээврийн зориулалт бүхий гуравдугаар зэрэглэлийн, 1520 мм царигтай, гурван өртөө, дөрвөн зөрлөгтэй, 2.5 километр урт гүүрэн байгууламжтай, манай улсад баригдаж буй анхны салбар төмөр зам юм.

Энэхүү бүтээн байгуулалтын ажилд одоогоор дотоодын 63 аж ахуй нэгж, байгууллагын 2748 инженер техникийн ажилтан, 1453 ширхэг техник, тоног төхөөрөмжтэй ажиллаж байна.

Одоогийн байдлаар доод бүтцийн газар шороо, ус өнгөрүүлэх хоолойн ажил 60 хувь, дөрвөлжин хоолойн ажил 44 хувь, дам нуруут гүүрний ажил 65.3 хувь, цахилгаан дамжуулах агаарын шугамыг шилжүүлж, өндөрлөх ажил 75 хувь, шилэн кабель шилжүүлэх ажил 70 хувийн гүйцэтгэлтэй байна. Өнөөдрийн уулзалтаар Засгийн газрын тэргүүн Г.Занданшатар нэн тэргүүнд шаардлагатай байгаа санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхээр болов. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна