ДОРНОД: Цагдаагийн газрын түүхт 90 жилийн ойн баярын хурал боллоо

Х.Есү
2025/08/02

Баярын хуралд аймгийн Батлан хамгаалах газрын дарга, Засаг дарга Ш.Ёл,

УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, Ш.Бямбасүрэн, , Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Г.Арсланхуяг болон үе үеийн удирдлага алба хаагчид, ахмад ажилтнууд оролцлоо.

Арга хэмжээний үеэр Цагдаагийн газрын түүхэн замнал, байгууллагын хөгжил дэвшил, өнөө цагийн үйл ажиллагаа, амжилт бүтээлүүдийг танилцуулж, салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан ажилтнуудыг шагнан урамшуулсан юм.

Аймгийн Батлан хамгаалах газрын дарга, Засаг дарга Ш.Ёл:

"Цагдаа гэдэг нэрний цаана, ард иргэд оршиж, ард иргэдийн цаана эх орон оршиж, батлан хамгаалах нэн чухал үүргийг Та бүхэн хүлээдэг билээ. Энэ үүргийг биелүүлэхэд өөрсдийн мэдлэг, ур чадвараас гадна албан үүргээ төвөггүй биелүүлэхэд шаардлагатай дэмжлэг, хувь хүн талаас амьдралын нийгмийн баталгааг хангах хамгаас чухал.

Иймд аймаг, орон нутгаас албан үүргээ биелүүлэхэд дэмжлэгийг үзүүлэн ажилласаар ирсэнийг энэ дашрамд дуулгая.

Өнгөрсөн 2024 онд аймгийн төсөвт нийт 2 орчим тэрбум төгрөгийг тусган батлуулж, Цагдаагийн газрын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлжээ.

Онцолбол Хүүхэд хамгааллын хамтарсан багуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, Цагдаагийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах зорилгоор “Хүүхэд-Эрдэнэ” хамгааллын төслийг амжилттай хэрэгжүүлж, хамтарсан багийн хэсгийн байцаагч, хэсгийн төлөөлөгч нарт сар бүр 200 мянган төгрөг, жилийн хугацаанд ажил, үүргээрээ бусдыгаа манлайлсан хэсгийн байцаагч, хэсгийн төлөөлөгч буюу 2 албан хаагчид орон сууцны урьдчилгаанд дэмжлэг болгож тус бүр 20 сая төгрөгөөр урамшуулж, орон сууцтай болоод байгаа юм.

Энэ онд аймгийн орон нутгийн төсөвт 1,7 тэрбум төгрөгийг тусган батлуулж, үйл ажиллагаанд дэмжлэгийг үзүүлж байна.

Эгэл ардынхаа бамбай нь болж, ажил үүргээ гүйцэтгэж байхдаа халуун амиа зориулсан эрэлхэг баатруудаа ч энэ баярт өдөр нь дурсах нь зүйтэй. Тэд бүхний ар гэр, хань ижил, үр хүүхдүүдэд нь гүн талархал илэрхийлэн мэхийе.

Хүний амьдралын ээдрээт бүхэн рүү ханцуй шамлан орж, учир утгийг тайлах хариуцлагатай үүргийг хүлээж, Монгол Улсын хуулийнхаа өмнө бат зогсох хариуцлагатай, цаг наргүй ажлын ард, хана нь болж зогсдог гэр бүлд нь мөн халуун талархлыг илэрхийлье.

Та бүхний дэмжлэг болон үе үеийн удирдлагуудын идэвх санаачлага, манлайлал, албан хаагчдынхаа ур чадвараар Дорнодын цагдаа ажил үйлсээрээ Улсдаа манлайлж, тэргүүлж байгаад халуун баярыг хүргэе.

Ингээд Цагдаагийн газрын үе үеийн ахмадууд, удирдлагууд, нийт бие бүрэлдэхүүндээ цаашдын ажил үйлсэд нь өндөр их амжилтыг хүсэж, амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол төрийн цагдаагийн сүлд хийморь, цог жавхаа үүрд мандан бадрах болтугай" Гэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна