Зодуулсан цэргийн ээж Ч.Батчимэг: Хүү минь эрүү нь гурван хугаралтай, юм идэж, ууж чадахгүй гуурсаар хооллож байна

Т.Отгонсувд
1 цаг 45 минутын өмнө

Дотоодын цэргийн 05 дугаар ангийн байлдагч зодуулсны улмаас эрүү нь хугарч Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн талаар бид мэдээлсэн. 

Тодруулбал, 2026.01.23-ны өдрийн 20 цагийн үед тог тасарсан байхад Дотоодын цэргийн түрүүч цолтой цэрэг 2025 оны намар цэрэг татлагаар тус ангид ирсэн байлдагчийг "Томоотой бай" зэргээр дарамталж, эрүү, цээжин тус газарт нь цохисны улмаас хүнд гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн байна.

Зодуулсан байлдагч эрүүндээ гурван хугаралтай ТТАХН эмнэлгийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байна.

Тухайн хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж.

Уг асуудлаар бид зодуулсан цэргийн ээж Ч.Батчимэгээс тодрууллаа. 

Тэрбээр "Хүүгийн минь биеийн байдал маш хүнд эрүү нь гурван хугаралтай, хоол идэж, ууж чадахгүй гуурсаар хооллож байна. Нэгдүгээр сарын 23-нд тухайн ангид дөрвөн сарын өмнө татагдаж ирсэн цэрэг нь ямар ч шалтгаангүйгээр миний хүүг ухаан алдтал нь цохьсон байна. Үүнээс үүдэж хүүгийн минь эрүү нүүр нь хугарсан мэс засалд орох гээд байж байна. 

Өмнө нь дотоодын цэргийн 05-р ангид цэргийн зодооны хэрэг гарахад санаа зовж байсан ч дарга нар нь солигдоод ч өөрчлөгдсөнгүй. Арай ч дээ энэ удаагаар дууссан байх гэсэн чинь дахиад миний хүү дээр ирлээ. Маргааш хэний хүүхэд гэмтэх бол гэдгээс айж байна. 

Эрүүл саруул хүүгээ цэрэгт явуулаад эрэмдэг болгосонд маш их гомдолтой байна. Гомдлоо барагдтал эцсээ хүртэл би явна" гэв. 


Өнгөрөгч оны 12-р сарын 24-ний өдөр тухайн цэргийн ангид дүрмийн бус харилцаа, хүчирхийллийн хэрэг гарч, бичлэг нь цахим орчинд гарсан. Үүний дараа Зөв.мн сайтын сурвалжлах баг зодуулсан цэргүүдийн ар гэрээс мэдээ мэдээллийг тодруулан хүргэсэн. 

Улмаар Ерөнхий сайд Г.Занданшатар Хууль зүй дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэд дотоодын цэргийн ангиудад хяналт, шалгалт хийж хариуцлага тооцох үүрэг чиглэл өгсөн. Энэ хүрээнд Дотоодын цэргийн 05 дугаар ангийн удирдлагуудыг чөлөөлж, хариуцлага тооцсон байдаг. 

Гэвч хяналт шалгалт өнгөрөөд удаагүй байгаа ч тус ангид дахин хүчирхийллийн хэрэг гарч, цэрэг гэмтжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна