Өнөөдөр МАН-ын бүлгийн хуралдаанаар Ж.Энхбаяраар ахлуулсан Ажлын хэсэг Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг танилцуулсан байна. Мөн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл, Зөрчлийн хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслийн танилцуулга, Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн төслийн танилцуулгыг гишүүд хийжээ. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлаас анхаарал татсан сэдэв нь Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүн. Шалгалтаар илэрсэн зөрчлүүд, зээлээ хугацаанд нь төлөөгүй компаниудын мэдээлэл тодорхой болжээ. МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Хөгжлийн банкны шалгалтын материалыг нууцын зэрэглэлээс гаргасан. Гэхдээ бүх зээлдэгчийн мэдээллийг нийтэд дэлгэхгүй. Хамгийн анхаарал татсан асуудлыг дэлгэнэ. Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэ “Хөгжлийн банк 580 сая ам.долларын бонд босгосон. Тэр хөрөнгөөр хүний хөгжлийн 21 мянган төгрөг олгоход зарцуулаад дууссан” гэж хэлсэн. Тухайн үед би Сангийн сайд байсан. Хөгжлийн банкны босгосон 580 сая ам.доллараас нэг цент зарцуулалгүй тэдэнд хүлээлгэж өгсөн. Хамгийн эхний гүйлгээ нь наймдугаар сарын 27-нд эхэлсэн байдаг” гэх тайлбар хэлсэн. МАН-ын бүлэг цаашдаа Хөгжлийн банкны зөрчлийн асуудлаар эзэн холбогдогчгүй ярьдаг байдалд цэг тавихаар тохирчээ.
Б.Сондор
Сэтгэгдэл бичигдээгүй байна