Хориотой химийн бодисууд далайн гүнд хуримтлагдсаар байгааг илрүүлжээ

2017/02/16
1970-аад оны үед ашиглахыг хориглосон химийн хорт бодисууд Номхон далайн хамгийн гүн цэгт хүрсэн болохыг саяхан явуулсан судалгаа харууллаа. Австралийн Нью-Кэстлийн их  сургуулийн доктор Алан Жэймисоноор ахлуулсан судалгааны баг Номхон далайн гүнд амьдардаг амфипод буюу хавчны төрлийн амьтнаас өөхлөг эдийн дээж авч, түүнд агуулагдах хорт бодисын хэмжээг тогтоожээ.

XX зууны үед цахилгаан тусгаарлагч, гал унтраагч хийхэд өргөнөөр ашигладаг байсан полихлоридын бифенил (ПХБ) болон полибромт дифенилийн эфир (ПБДЭ) зэрэг химийн бодисууд амфиподуудын биед их хэмжээгээр агуулагдаж байгааг судлаачид тогтоосон байна. ПХБ үйлдвэрлэхийг 1979 онд АНУ-д хоригложээ. Мөн уг бодисыг үйлдвэрлэхийг 2001 онд НҮБ-аас баталсан “Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай Стокгольмын конвенци”-д хориглосон байна. Үйлдвэрлэлийн осол болон хаягдлаар дамжин хүрээлэн буй орчинд тархсан эдгээр хорт нэгдлүүд нь удаан задардаг тул байгаль орчинд хуримтлагдсаар байдаг аж.

Эдгээр химийн хорт нэгдлүүд нь хуванцар хаягдал болон амьтдын сэгээр дамжин далайн гүнд хуримтлагдсан байж магадгүй гэсэн таамгийг судлаачид дэвшүүлжээ. Ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол далайн ёроол нь удахгүй хорт бодисын “агуулах” болох нь гэж тэд анхаарууллаа. Судлаачдын үзэж байгаагаар, химийн хорт нэгдлүүд  нь хүнсээр дамжин далайн гадаргаас далайн гүнд хүрдэг аж. Далайн гүнд байгаа хорт бодисын хэмжээ нь далайн гадарга дээрхтэй харьцуулахад хэд дахин их байгааг судлаачид тогтоосон байна.

Эх сурвалж: www.montsame.mn 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна