Оросыг унагая гэвэл Монголыг эрхшээх хэрэгтэй

2017/05/15
Монголчууд ба чоно-2

Монголчууд бол цэрэг. Чоно мэт удирдагч дагаж сүрэглэхээрээ тал нутагт дийлдэшгүй хүчтэй болдог, харин ганцаараа бол ямар арчаагүй болдог тухай, гэхдээ мөн чанараа хэрхэн хадгалж байгаа тухай нэгэнтээ бичээд “Ийм ард түмнийг хэрхэн захирдаг юм бэ?” гэж асуугаад дуусгасан.

Энэ асуултын хариуг олохын тулд эхлээд хар тэргүүтнийг яаж захирч байсан тухай түүхийг үзэх хэрэгтэй юм л даа. Монголд цагаан ястан ба хар тэргүүтэн хоёр “анги” байлаа. Монголын ард түмнийг, хар тэргүүтэн олныг нь захирахын тулд цагаан яст цөөнхтэй нь л тэмцэх ёстой. Дээд тэнгэрээс заяаттай төрсөн Чингис хаан ба түүний нэр сүр энэ хар тэргүүт ардыг мянган жил хамгаалж ирсэн юм. Тэд л захирч байсан. Харин хар тэргүүт хэзээ ч хааныхаа эсрэг босч байсангүй... Найман зууны өмнө “Хар тэргүүтэн хан эзэндээ халдаж, хар хэрээ халтар нугасыг барьж байх” цагт дээд тэнгэрээс заяат Чингис хаан “эзэндээ халдсан итгэлгүй боолуудыг эхэлж нүдэн дээр нь цуслан алж байж” номонд нь оруулсан. Тэр цагаас хойш хар тэргүүтэн хаан эзний ургийг хамгаалж байснаас халдаж байсангүй тулдаа өдий хүрчээ. Харин хаад л нэгнээ хөнөөж, хөнөөгөөд нэгнээ хүндэтгэн оршуулж чадахгүй бол тэргүүнийг нь газар хүргэхгүй гэсэндээ өөрийн харцыг алж, хөл толгойд нь ивээд одож байв. Ийм л өндөр заяат эзэдтэй байв л...

Монголчууд харийнхны эрхшээлд орсон түүх эзэнт гүрний хагас мянган жилийн оргиллын дараахь үетэй шууд залгагддаг. Пассионар идэвх хэтрэх нь сулрахаас ч аюултай гэж Вернадский-Гумилёвын оргиллын онолд заасан байна. Эзэнт гүрэн задарсны дараа оргилол Зүчийнхний Алтан ордод ч, Цагадайн улсад, Тулуйн угсааны Юань ба Ил хаант улсад ч, Өгөдэйн улсад ч тус тусдаа өрнөсөн юм. Хүч чадал, авъяас билэгтээ галзуурсан залгамжлагчид нэгнээсээ өөр хэнтэй дайтах билээ, харин энэ зөрчилдөөний явцад Өрнөд Европ сул үлдэж, өөд нар үзэх боломжоо олж авчээ. Дэлхийн түүхэнд их л сүр болгож үздэг 100 жилийн дайн, 30 жилийн дайн тэрүүхэндээ л болж байснаас эзэнт гүрний дотор бол сураг ч үгүй байлаа шүү дээ.

Харин манай их гүрнүүдийн зөрчил хожмын Их Энэтхэг, Оспаны эзэнт гүрэн, Их орос ба Их Хятадын үеийг хүртэл үргэлжилсээр байв. Эзэнт улсын орон зайд дөрвөн их гүрэн л тодорсон. Энэ бас Монголчуудын “өв”. Өнөөгийн Орос ба Хятад бол Чингис хааны угсааны хаанчлалын дараах шинэ угсаа залгамжлалын (династи) үр дүн юм. Аль аль нь Чингис хааны угсааныхантай хийсэн олон зууны тэмцлийн эцэст засаглах эрхтэй болохын тулд тус бүр нэгэнтээ ялагдаад ахиж босож чадсанаас л амь бөхтэй удтал засаглажээ. Харин тэд өөрийн угсаа залгамжлах эрхээ хадгалж, хамгаалахын тулд юуны түрүүнд Чингис хааны угсааныхантай олон зуун жил үргэлжилсэн цуцалтгүй тэмцэл явуулах хэрэгтэй болсон юм.

Тиймээс тэд Монголчуудыг хэрхэн эрхшээх тухайд хамгийн их туршлага хуримтлуулсан улс юм. Манж нар өөрийн улсдаа эзэн эрх нь хүлээн зөвшөөрөгдөлгүй байсаар унасан Мин династийг унагахдаа өмнөх Юаний уламжлалыг ашигласан юм. Өмнөд хөршийн хоёр мянган жилийн туршлага бол “Бүдүүлгийг бүдүүлгээр барих” буюу хагалан бутаргаж, хооронд нь байлдуулаад эрхшээх арга юм. Харин хойд хөрш бол илүү шулуухан арга хэрэглэж байсан нь Чингис хааны угсааныхныг шууд хядаж байв. Ингэснээр Романовынхны угсааны их гүрнийг тогтоосон бөгөөд Каспийгаас Номхон далай хүрсэн нүүдэлчид Романовынхныг Чингис хаан шиг үзэж, дагаж байв. Их хааны угсааныхан ч нэгнийхээ захиргаанд байгаа ард түмнүүдийг эрхшээхийн тулд шууд ураг нэгт цагаан яст эздийг нь хядаж байв. Үүнийг хоёр талд буй өрсөлдөгчид гярхай ажиглажээ, тиймээс технологийн давуу талыг хайр найргүй ашиглаж, цагаан ястнуудыг нь хядаж, эсбөгөөс тэдэнд тулгуурлаж байв.

Харин Манж нар Хятад ба Монголыг эрхшээхийн тулд илүү уян хатан буюу “энх урийн” гэрээг ашиглаж байв. Манжийн хаад Чингис хааны хасбуу тамгыг эзэмшсэн гэж зарласан нь үнэндээ Монголыг гэхээсээ Хятадыг эрхшээх баталгаа нь байсан юм. Тэр тамга Хятадыг эзэгнэх, захирах эрх бөгөөд хятадууд ч хүлээн зөвшөөрдөг цорын ганц эзэн эрхийн бэлгэ тэмдэг юм. Энэ тамгагүй учраас Мингийнхэн улсаа захирч чадаагүй юм. Мөн Манж нар боржигин угсааны хатан авч засаглалаа батжуулж байжээ. Айсингүрү овгийн эцэгтэй, боржигин овгийн эхтэй хаад Их Чин гзрэнд засаглаж байв, харин нийт монголчуудыг Чингис хааны угсааныхан хаанаас цалин авч, уламжлан захирсаар л байв.

Дэлхийн I дайнаар угсаа залгамжилсан династиуд “түүхийн хугацаагаар” бол нэгэн зэрэг нуран унав. Оспаны эзэнт гүрэн, Их Чин гүрэн, бас Оросын эзэнт гүрэн. Зарим талаар хамаатах нь Австри-Унгарын эзэнт гүрэн. Энэ гурав бол яг Монголын эзэнт гүрний нутаг дэвсгэрт оршин байсан улсууд юм. Түүхийн давхцал. Хаадыг устгагч коммунист засаглал мөн яг энэ хил хязгаар дотор хүчирхэгжин босч ирсэн нь мөн л эзэнт гүрний хил хязгаар дотор... Энэ удаад Чингис хааны угсааныхантай өрсөлдөгчид 300 орчим жил засаглаад хараал хүрч үнсээр хийсэв.

Ингээд эзэнт гүрний хил хязгаарын дотор цагаан ястангүй, хар тэргүүтний эзэнт гүрэн үүсэн юм. Мөн л Чингис хаан түүнийг залгамжлагчдын байгуулсан их эзэнт гүрний хил хязгаар дотор. Харин аймшигтай нь тэр хар тэргүүт нар өөрсдийн хаадын угсааг үр үндсээр нь хядан устгаад зогсохгүй өргөн уудам орон зайд, овог урагтаа эзэн эрхээ хадгалж үлдсэн Чингис хааны угсааныхныг бас нарийн бүртгэж хядаж сөнөөжээ. Оросод эхэлж, монголд туршиж, хятадад хэрэгжүүлсэн тэр цуст хядлагын илдний ир хамгийн түрүүнд Чингис хааны угсааныхныг чиглэж байсан юм.

Ингээд Монголчууд эзэнгүй болов. Үндсэндээ Их британи, Япон хоёроос бусад нь хаангүй төр болжээ. Орос, Хятад засаглалаа бэхжүүлсэн, гэвч удаан оршин тогтнохгүй байна. Хамгийн харгис хатуу диктатор (дарангуйлагч гэхээс удирдагчид) энэ гүрнүүдийг хүчирхэгжүүлж, харин тийм дарангуйлагч үгүй бол сулран доройтож байна. Ленин, Сталин, Брежневийн дараа Зөвлөлт гүрэн унасан, Мао, Дэн, одоо Си-гийн дараа (Зянийг албан ёсоор удирдагчаас хасчихсан) Хятад суларна шүү дээ.

Харин нүүдэлчид эзэнгүй хэвээр. Хэл соёлын хэлхээ холбоогоор монгол үндэстнүүд өргөн уудам орон зайд оршин тэсч байгаа ч эргэж нэгдэх эзэн, эргүүлж нэгтгэх “тэнгэрээс заяатан” байхгүй. Монголчууд яг чоно шиг амьдарч байна. Өөрт зохихгүй тариачны, худалдаачны, тоглоомын засаглалуудыг өөр дээрээ өчнөөн туршиж байгаа ч яагаад ч зохихгүй байна. Зөвлөлтийн үед цэргийн коммунизмын хатуу буулган дор, уяатай нохой мэт улс байлаа. Харин Зөвлөлтийн их гүрэн унаснаас хойш Хятадын түрэлт идэвхжиж байна.

Энэ удаад мөн л бүдүүлгийг бүдүүлгээр барьж, дотор нь хямралдуулан сулруулаад захирч байна. Яг өнөөдөр Орос гүрнийг өрнө, дорноос хавчин хөнөөхийг завдан үхэн тэмцэлдэж байна. Монголыг тусгаар тогтносон улс байлгахыг сонирхдог ганцхан, тэгээд хэт их гүрэн бий, тэр нь Орос. Хэрэв Монголын цайз унавал Оросууд шууд хуяггүй элгэндээ илд тулгуулсан мэт болно. Монгол бол Оросын элэгний толь юм. Тиймээс Оросын эмзэг цэг бол Монгол гарцаагүй мөн.

Хэрэв Монголчууд “эзэнгүй” бол тэднийг эрхшээхийг аль аль тал нь хичээн хүчилнэ. “Ном бол дуртай ашиглагчийн боол байх ёстой” гэдэг шиг Монгол бол дуртай ашиглагчийн “уяаны нохой” болох ёстой гэсэн хууль дор бид амьдарч байна. Монголын эзэнт гүрний өв залгамжлал нь Оросыг ч, Хятадыг ч бутарган хагалах ид шидтэй хүчин зүйл гарцаагүй мөн. Хоёр хөршийн алины ч эсрэг бай “гуравдагчид” Монголыг шохоорхдог, аль талд аваачиж нийлүүлснээс нөгөө тал нь айдас хүйдэст автдаг. Тиймээс хэрэв Оросыг унагая гэвэл Монголыг эрхшээх хэрэгтэй. Оросын өрц бас хуяггүй болсон, тэр нь Казах. Оросыг унагахын тулд Монголыг эрхшээх хэрэгтэй. Монголыг эрхшээхийн тулд Монголыг захирах хэрэгтэй. Харин захирах арга нь умард, өмнөдийнх.

Өмнөдийн уламжлалт арга нь өнөө алдарт “энх ургийн гэрээ” юм. Үүнийг орчин үед зөөлөн хүчний бодлого, жаахан өмнөх үед эеэр засах, эрт цагт энх ургийн гэрээ гэж байв. Монголын толгойд өмнөд ургийн хүн суувал энэ бодлого “төгс ялна” гэсэн үг. Монголчуудыг тэд яг ингэж захирдаг. Бид бол дуулгавартай цэргүүд. Хар тэргүүтэн бид хаангүй болсон учраас дээр нь хэнийг тавьснаас хамаарч түүнийг л дагах болно. Яагаад гэвэл бид засаглагчид биш, захирагдагсад. Манай эздийг 1937 оны хэлмэгдүүлэлтээр бүгдийг нь хядсан. Өнөөдөр бид эзэнгүй учраас төр улс болж тоглуулж байна.

Бид хэзээ нэгэн цагт гарцаагүй өнөөгийн энэ тархай бутархай байдлаас залхаж гүйцээд төвлөрсөн засаглалд шилжинэ. Гэхдээ энх ургийн гэрээгээр үү? Эзэрхэг гүрний тулгалтаар уу? гэдгээ л сонгох эрхтэй. Өөр “эзэн” эрх байхгүй. Бидэнд хаан байхгүй, бид бүгд харц ардууд. Бид удирдагчгүй чононууд. Хэрэв бид үнэхээр чоно л юм бол хавханд орсон хөлөө-тэр “энх ургийн гэрээ”, “эзэрхэг гүрний тулгалтыг” нь тас хазаж хаяад явах зориг тэнхээтэй байх ёстой, харин биднийг зоригжуулан зохион байгуулагч байхгүй.

Тиймээс бид хавханд орж илжирсэн хөлөө тасдаж-“харийнхны тавьсан” тоглоомын Ерөнхийлөгчийг унагаж чадахгүй байгаа юм. Хөлөө тас хазаж хаяхаар хэмлэсэн нэгнээ адлаж, хажуугаас нь дайраад хавхаа тойроод дэвхцээд байгаа юм. Яг үнэндээ хөл ч ургана, хавх ч олон. Ийм учраас бид удирдагчгүй “эзэнгүй” чононууд... Хэн ч биднийг захирахгүй ч, дуртай нь биднийг хавхдаад удирдаж чадна. Би “энх ургийн гэрээ”-нээс л сэжиглэж байна. Тэгвэл бидний үр хүүхэд нохой, ач нар үнэг, үнэгний хүүхэд үен, үенгийн хүүхэд үлийний оготно л болно.

Тиймээс элэнцийн үеийн эрлийз боол, хуланцын үеийн хурлийз боолд би л лав захирагдахыг хүсэхгүй!

Нийтлэлч А.Баатархуяг


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна