Дундаж наслалт 40-тэй улс

Өчигдөр 13 цаг 30 минут
Төслийн ахлах зөвлөх ЯМАШИТА МАМОРУ

Сайн байцгаана уу.

Энэ удаа Африкийн нэгэн улсаар жишээлэн дундаж наслалтын тухай өгүүлье.

10 гаруй жилийн өмнө дөө. Африкийн нэг улс “Ахмад настнуудынхаа ахуй амьдралыг сайжруулахын тулд 55 наснаас тэтгэвэр авдаг нийгмийн даатгалын шинэ тогтолцоог нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэн, хамтарч ажиллаач” гэж Японд хүсэлт гаргаж байсан юм. Нийгмийн хамгааллын тогтолцоо нь тухайн улсын хөгжилд томоохон үүрэг гүйцэтгэдэг учир Африкийн улсад бага ч болов дэмжлэг үзүүлэхсэн гээд ихэд баярлаж байлаа.

Ингээд тэр улсын статистик мэдээллүүдийг судалж үзэхэд анхаарал татсан нэг тоон мэдээлэл байсан нь “Дундаж наслалт” бөгөөд эрэгтэй эмэгтэй адилхан 40 орчим настай байв. Тухайн үед дундаж наслалт ийм богино байхад 55 наснаас тэтгэвэрт гардаг нийгмийн даатгалын тогтолцоог хэрэгжүүлэх гээд байгаа энэ улс ихээхэн сонирхол татсан юм.

Дундаж наслалттай холбогдуулан судалсан бас нэг зүйл нь “нярайн эндэгдэл” байв. Нярайн эндэгдэл гэдэг нь дөнгөж төрсөн нярай нэг ой хүртлээ амьдарч чадах эсэхийг илэрхийлдэг. Харамсалтай нь нярайн эндэгдлийн хувь хэмжээ энэ улсад өндөр байснаар зогсохгүй тав хүртэлх насныхны “нялхсын эндэгдэл” их байлаа.

 Өөрөөр хэлбэл энэ улсад хүүхдүүд тав хүртэлх насандаа олноороо нас бардаг, дээрээс нь өндөр настнуудтай байсан юм.

Дундаж наслалт гэдгийг өндөр настнууд цаашид хэр удаан наслахыг илэрхийлдэг индекс гэж ойлгож магадгүй. Африкийн энэ улс шиг нярайн эндэгдэл их бол өндөр настнууд хэдий урт насалсан ч дундаж наслалт богино гардгийг ойлгох биз ээ. Дундаж наслалт бол нийт төрсөн хүүхдүүдээс хэд нь насанд хүрэх вэ гэдгийг бас илэрхийлдэг.  

 Энд Монгол Улсын нярайн болон нялхсын эндэгдлийн хувь хэмжээг харцгаая. Эрүүл ахуйн стандарт, эмчилгээ үйлчилгээ сайжирснаар одоо харьцангуй сайжирсан байгааг харж болно. Цаашид ч энэ тоо улам буурч, дундаж наслалт ч нэмэгдэх биз ээ.

Яг үнэндээ ямар ч улсад өндөр настнууд “дундаж наслалт”-аас илүү урт насалдаг. Нярайн эндэгдэл их байвал дундаж наслалт бага байх учир нэгэнт тэтгэврийн насанд хүрсэн иргэд цаашид хэд наслахыг дундаж наслалтаар  тооцдоггүй гэдгийг дээрх жишээнээс ойлгосон гэдэгт итгэлтэй байна.

Нийтлэлийн эхэнд дурдсан Африкийн тэр улсад миний зүгээс дараах зөвлөмжийг өгч байсан юм. “Тэтгэврийн тогтолцоо бол залуу үеийнхэн нь хөгшчүүдийнхээ амьдралд дэмжлэг үзүүлдэг. Тэдний амьдралын баталгааг хангахын тулд шимтгэл төлдөг залуу үеэ нэмэгдүүлэх,  ажил эрхлэлтийг дэмжих бодлогыг нэн тэргүүнд тавьж, хэрэгжүүлэх хэрэгтэй. Үүний тулд тэтгэврийн тогтолцоог бий болгохоосоо өмнө нийтийн эрүүл ахуйг сайжруулахад анхаарах нь зүйтэй”.

Залуучууд олонтой Монгол Улсад боломж их. Цаашид Монгол Улс нийгмийн хамгааллын бодлогоо сайжруулж, улам хөгжихөд ЖАЙКА-аас хэрэгжүүлж буй нийгмийн даатгалын үйл ажиллагааг сайжруулах ШИНРАЙ төсөл бүх талаар дэмжлэг үзүүлэн ажиллах болно.








Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна