Хүүхдээ дүүтэй болоход нь хэрхэн бэлдэх вэ?

2017/06/01

Хэрвээ та үүхдээ том агаа, аниа болоход нь бэлдэхгүй бол тэр дараа нь өөрийнх нь хүртдэг байсан анхаарал халамжийг бүгдийг нь өөр нэг жаахан хүүхэд булаахыг хараад бяцхан зүрхэндээ ингэж бодох болно: “Ээж, аав хоёр надад хайргүй болчихож"

Хүүхдээ дүүтэй болоход нь хэрхэн бэлдэх вэ?
Баримт: Дэлхийн хамгийн өндөр хандалттай, эцэг эхчүүдэд зориулагдсан вебсайт www.babycenter.com 30 мянга гаруй уншигчдынхаа дунд нэгэн судалгааг явуулжээ. Үр дүн:

Дүүтэй болж байгаа тухай мэдээг том хүүхдэдээ хэзээ дуулгасан бэ?

-    Анх өөрсдөө мэдсэн тэр өдрөө хүүхдэдээ хэлсэн – 44%
-    Жирэмсний эхний үе өнгөрсний дараа – 28%
-    Хэвлий мэдэгдэхүйц томорч эхлэх үед – 15%
-    Хүүхэд маань яагаад ээжийгээ “таргалаад” байгааг гайхан, асууж эхлэх үед – 3%
-    Бусад – 9% нь ийнхүү хариулжээ.

Анх өөрсдөө мэдсэн тэр өдрөө л хүүхдэдээ хэлсэн эцэг эхчүүдийн 78% нь том хүүхэд нь дүүгээ төрөхөд хангалттай сэтгэл санааны бэлтгэлтэй байж, анхаарал булаацалдах асуудал үүсээгүй гэжээ.

Анх бие давхар болсноо мэдсэн тэр цагтаа хүүхдэдээ энэ мэдээг дуулгаж, эртнээс бэлдэж эхэлвэл илүү үр дүнтэй байдаг.

Бурхан бидэнд ахиад нэг юугаар ч сольшгүй үнэт эрдэнэ илгээх гэж байгааг мэднэ гэдэг юутай сайхан бэ! Гэхдээ бид хоёр, гурав дахь төрөлтөндөө биеэ бэлдэж догдолсоор нэг хүний сэтгэл санаатай тулж ажиллах шаардлагатай болсноо мартчихдаг. Энэ бол бяцхан биендээ баймгүй ухаантай, хэрсүү харагдавч ээж аавдаа дураараа эрхлэх “эрх мэдэл” – ээ хэнд ч булаалгахыг хүсэхгүй байгаа том хүүхэд нь юм. 1-8 хүртэлх насны хүүхдүүдийг шинэ маамууг хүлээж авахад нь яаж бэлдэх талаар сэтгэл зүйчдийн зөвлөгөөнөөс хүргэж байна.



Бүх насны хүүхдэд: 

-    Хэвлий дэх маамуугаас болж өвдөж, тавгүйрхэж байгаагаа мэдэгдэх шаардлагагүй. Дүүгээс нь болоод ээж нь өвдөж байгаа гэж ойлговол том хүүхэд удахгүй мэндлэх дүүдээ дургүйцдэг. 
-    Хэрвээ ямар нэгэн байдлаар дүүгээс нь болж өвдөж байгааг тэр мэдвэл “Хүүхэд бий болно гэдэг маш том үйл явц. Ээж нь чамайг гэдсэнд байхад ч гэсэн хааяа ингэдэг байсан. Гэхдээ энэ бол өвчин биш” гэж ойлгуулаарай. 
-    Хэвлий дэх маамуу 6 сар хүрсэн цагаас хойш эмчийн үзлэгт очихдоо том хүүхдээ дагуулан явж зүрхний цохилт, эхо зургийг харуулаарай. 
-    Төрөөд удаагүй нялх хүүхэдтэй айлд хамт зочилж хэрхэн асрах, хэрхэн хооллох, хэрхэн тоглуулах зэргийг нь харуулбал удахгүй мэндлэх дүүгийнхээ талаар өөрийн гэсэн төсөөлөлтэй болоход нь тусална. 
-    Тоглоомоо хуваалцах, дундаа хэрэглэх гэдэг ойлголт бага насны хүүхдэд бараг байхгүй. Тиймээс дүүдээ тоглоомоо өгөхийг шаардах хэрэггүй. Оронд нь ижилхэн тоглоомноос хоёр ширхэгийг авч байгаарай.



Нэг нас
-Дүүтэй болох гэж байгаа талаар нь хэлсэн ч ийм насны хүүхэд төдий л ойлгохгүй. Нэг настай хүүхэд хэлд сайн ороогүй байдаг учир дэлгэрэнгүй ярихын оронд хэвлий рүүгээ заах бүртээ дотор нь хүүхэд байгаа гэдгийг ойлгуулж байгаарай. Мөн ураг томрохын хэрээр том хүүхдийнхээ дэргэд хэвлий дэх үртэйгээ ярилцаж, илж, хүүхдээ дуурайж хийхийг санал болго. Охин/хүүгээ дүүдээ дуу дуулж өгөхийг хүс. Шинэхэн төрөх хүүхдийнхээ талаар зөвхөн эерэг зүйлсийг ярьж өгөөрэй.

-Тэд өөрсдөө энэ дэлхийд мэндлээд удаагүй байгаа учир дүүтэй болох ямар гэдгийг төсөөлж чадахгүй. Тиймээс аав ээж нь “Дүү нь төрөөд энд унтана”, “Дүү нь энэ хувцсыг өмсөнө”, “Дүү нь энэ тоглоомоор чамтай тоглоно”, “Миний хүү дүүгээ үнсэж болно” гэх мэтээр мэдээлэл өгч эхлээрэй. Гэхдээ хүүхэд өөрөө энэ талаар ярилцах дургүй, анхаарлаа хандуулахгүй байвал хүчлэх хэрэггүй.

-Таны хүүхэд нярай хүүхэдтэй ойр байж үзээгүй бол хамаатныхаа, мэндлээд удаагүй хүүхдүүдтэйгээ танилцуулж, дүү нь ямар дүр төрхтэй байхыг харуулаарай.

-Удахгүй мэндлэх хүүхдэдээ хувцас, тоглоом, живх зэрэг хэрэгцээт зүйлсийг нь авахдаа том хүүхдээ заавал дагуулж яв. Бас дүүдээ зориулагдсан тоглоомоор тоглоод байвал хориглож хураахын оронд уйдтал нь түр орхиорой. Жаахан маамуугийнх гэдэг шалтгаанаар аливаа эд юмсыг харамлах тусам хүүхэд дүүгээ “бүхнийг булаагч” мэт сэтгэгдэлтэй үлддэг. Тоглоомоо хуваалцах гэдэг зүйлийг тэд ойлгох болоогүй учраас шинэ төрсөн дүүдээ аль хэдийн уйдсан тоглоомоо өгөхийг ч хүсэх хэрэггүй.

-Маамууг төрөхөөс өмнө хүүхэдтэйгээ цагийг аль болох их өнгөрөөх нь хамгийн чухал юм шүү.



Хоёр нас
-Нэг настай хүүхэдтэй харьцуулахад ярианы үгийн сан нь хамаагүй баялаг болсон байх учир аль болох түүнтэй ярилцах нь чухал. Удахгүй мэндлэх дүүгийнхээ талаар өөрөө сонирхох үед нь л ярьж, бусад үед заавал сонсгох гэж хүчлэхээс татгалз.

-Дүүгийнхээ талаар сонирхож байгаа асуулт болгонд нь үнэнчээр, тухай бүрт нь хариулаарай. “Яагаад манай дүү гэдсэн дотор байгаа юм?”, “Хэзээ гарч ирэх юм бэ?”, “Тэр гэдсэн дотроо хөдөлж чадаж байгаа болов уу?” гэх мэтийн асуултанд нь шууд хариулахынхаа өмнө түүнийг юу гэж бодож байгаа талаар лавла. Учир нь хүүхэд ихэвчлэн өөрийн төсөөлөлтэй болчихоод, түүнийгээ лавлах нь бий. “Дүү нь харин яагаад гэдсэн дотор байгаа юм бол?” гэх мэтээр эргүүлж асуугаарай.

-“Дүү нь ахтайгаа яримаар байх шиг байна” гэж хэлээд хүүхдийнхээ хөдлөх мөч бүрийг гарт нь мэдрүүлээрэй. Тэр үед хүүхдэд дүүтэй болох гэж байгаа мэдрэмж нь илүү бодит санагддаг. Мөн хоёр ба түүнээс дээш насны хүүхдээ эмчийн үзлэгт дагуулан явж, зүрхний цохилтыг нь сонсгоорой.

-Дүү нь төрөнгүүтээ ах/эгчтэйгээ тоглож чадахгүй болохоор түр хүлээх хэрэгтэй, бас дүү нь ах/эгчдээ маш их хайртай гэдгийг хүүхдэдээ байнга хэл. Хэдий хамт тоглож чадахгүй ч би бол дүүгээ хүссэн цагтаа эрхлүүлж, үнсэж, инээмсэглүүлж чадах хүн гэдгийг хүүхэд ойлгох нь чухал.

-Өөрийнх нь төрөөд удаагүй байх үеийн зургийг харуулж, дүү нь ч гэсэн яг чамтай адилхан ийм жижигхэн төрөөд удахгүй том болно гэдгийг тайлбарлаж болно. Мөн хүүхэд хэрхэн тэврэх, хэрхэн өлгийдөхийг харуулаарай.

-Дүүгийнх нь өрөөний тавилга, өлгийний даавуу, ор, хүүхдийн тэрэг, хувцас зэргийг сонгохдоо хүүхдийнхээ саналыг асууж, хүссэн газар нь тавьж, бодлыг нь хуваалц. “Аль өнгөтэй өмдийг нь авмаар байна вэ?”, “Аль оймс нь миний хүүд таалагдаж байна?”, “Дүүдээ ямар тоглоом авах вэ?” гэх мэт ах/эгчийнх нь оролцоо чухал гэдгийг ойлгуулах үйлдлүүдийг бүү мартаарай.

-Дүүд нь бэлгэнд ирсэн зүйлийг задлах, хураах, цэгцлэх зэргийг өөрөө хийхийг нь зөвшөөр. Тэд дүүд нь авсан шинэ зүйл бүхнийг өөрийнхөө гэж бодож байгаа. Энэ тохиолдолд түүнийх биш дүүгийнх нь гэж ойлгуулахаар зүтгэхээс илүү зөнгөөр нь орхисон нь дээр байдаг. Учир нь нялх маамуу төрөөд, тэдгээрийг өөрийн юм гэж ойлгож эхлэхээс ч өмнө том агаа, эгч нь угаасаа уйдчих учраас энэ тал дээр асуудал үүсгэх нь дэмий.

-Төрсний дараа дүүгээ энхрийлэх гэсэн оролдлого бүрийг нь дэмжээрэй. Санаандгүй дүүгээ өвтгөхөд нь ч хатуугаар зэмлэж болохгүй. Энэ тохиолдолд хүүхдэд дүүг нь илүүд үзэж байгаа мэт таагүй сэтгэгдэл үлдэж, дүүдээ дургүй болоход нь нөлөөлнө.

-Хэрвээ том хүүхдээ цэцэрлэгт өгөхөөр төлөвлөж байгаа бол дүүг нь төрөхөөс өмнө өгөх хэрэгтэй. Төрсний дараа өгвөл мөн л өөрийгөө “жийгдэж” байгаа юм шигээр ойлгож стрессэнд өртдөг. Дүүг нь төрөхөөс өмнө болдог байсан бүх зүйлийг аль болох хэвээр нь байлга. 7 хоногт нэг удаа тоглоомын төвд тоглуулах, оройд гадаа гарч хамт тоглох, хааяа хүссэн амттанг нь авч өгөх гэх мэт зүйлсийг зогсоож болохгүй.



Гурав болон дөрвөн нас

Нэг болон хоёр настай хүүхдэд зориулсан зөвлөгөөг ерөнхийд нь дагах бөгөөд нэмэлт хэдэн зүйлийг анхаарна:

-Хүүхэд өсч торних явцыг харуулсан баримтат кино, ах дүү болон эгч дүү нарын тухай хүүхэлдэйн киног хүүхдэдээ үзүүлж, өөрөө ч гэсэн удахгүй хамтдаа тоглох дүүтэй болох гэж байгааг нь тайлбарла.

-Дүү нь хэдий мэндлээгүй байгаа ч ах/эгчдээ аль хэдийнэ маш их хайртай болсон гэдгийг сануулж, хэвлий дэх дүүтэй нь тогтмол ярилцуулаарай.

-Мөн хүүхэд хэрхэн өсч торнидог талаарх үйл явцыг харуулсан зурагтай ном уншиж өгөнгөө тайлбарлаж болно.

-Дүү нь мэндэлснээр өмнөх бүхэн өөрчлөгдөхгүй, хэзээд л аав ээжийн хайртай хүүхэд нь байсаар байна гэдгийг ойлгуулж, аль болох цаг заваа харамгүй зарцуулаарай.



Таван наснаас найман нас

-Хэдий хүүхэд чинь өөрөө юмны учир ойлгох дайны том болсон ч гэсэн дээрх бүх зөвлөгөөг дагах хэрэгтэй. Дүүд нь зориулагдсан бүх зүйлд тэдний саналыг асууж байгаарай. Энэ насны хүүхдүүд аль хэдийнэ уншиж, бичээд сурчихсан байдаг учир дүүдээ зориулж, ах/эгчийн зүгээс тэмдэглэл хөтлөхийг санал болгож болно. Мөн дүүгээ төрөхөөр хамтдаа хийж, өөрөө зааж өгөх зүйлс, хамтдаа үзэх кино, тоглох тоглоомоо төлөвлөгөхөд нь туслаарай.

-Удахгүй мэндлэх дүүдээ ямар нэр өгөх талаар ярилцаж, яагаад тэр нэрийг өгмөөр байгаа талаар нь яриулаарай. Ярианд нь анхаарлаа хандуулах тусам хүүхэд дуртай байх болно.

-Цаашдаа хэдэн дүүтэй болмоор байгаа талаар болон охин дүүтэй болвол яах, эрэгтэй дүүтэй болвол яах талаар ярилцаж, хүүхдийнхээ санал бодол бүрт нь таатай хариулт өгөөрэй.

-Хэвлий дэх хүүхэд томрох үед тэднээс хүүхдийн талаар юу юу мэддэг, ямар төсөөлөлтэй байдгийг нь асуу. Бүр хамтдаа “Жаахан дүүгээ төрөхөөс өмнө” гэдэг нэртэй бяцхан ном хийж болно. Дүүгийнхээ талаар ярьсан бүхнээр нь зураг зурж, хайчилбар хийгээрэй.

-Төрсний дараа дүүгээ хэрхэн хооллох, уйлах үед нь хэрхэн саатуулах, хувцаслахад нь хэрхэн туслах гэх мэт шинэ ах эгчийн хувиар хийж чадах ажлуудыг нь зааж өгвөл хүүхэд улам илүү сайн төсөөлөлтэй болдог.

-Календарын тэмдэглэгээг хамтдаа хий. Тэмдэглэх явцдаа дүү нь төрөхөд 90, 70, 50, 30, 10 хоног үлдлээ гэж хэлж догдлон хүлээх сэдлийг нь өгөөрэй.

-Хүүхдийн өлгий, хувцас зэргийг нь хамтдаа сонгож, угааж, индүүдсэний дараа эвхэх, шүүгээ рүү хийх зэрэг ажлыг заавал цугтаа хийгээрэй.

-Хүүхдэд өгсөн бэлэг бүрийг ах/эгч нь эхлээд задлах хүндтэй үүргийг тэдэнд өгвөл би ч гэсэн хэзээд хайртай хүүхэд нь байсаар байх болно гэдэг таатай мэдрэмжийг авдаг.

-Төрөх хугацаа ойртох үед ээж, аав нь өөрөө дүүтэй болж байсан туршлагаасаа хуваалцвал бүр сайн. Мөн шинэхэн төрөх дүүдээ ах эгчийн зүгээс аль тоглоом, аль хувцсаа өвлүүлж өгмөөр байгааг нь асууж, дүү нь ярьж чаддаг бол ямар их талархах байсан талаар нь ойлгуулаарай.



Хайрцаглана: 
Олон улсын гэр бүл төлөвлөлтийн жишгээр дараагийн жирэмслэлт 30 сарын дараа байх ёстой гэж үздэг. Хэрэв энэ үед жирэмсэлбэл хоёр дахь хүүхэд мэндлэх үед анхны хүүхэд 3 нас 2 сар хүрсэн байна гэсэн үг юм. Энэ нь хэд хэдэн шалтгаантай.

-    Хүүхэд ядаж л дүүтэй болж байгаа гэдгээ ойлгож, ярьж, ярилцаж чадах нас нь 30 буюу түүнээс дээш сар байдаг. 
-    Дүү нь ээж аавыг нь булаахаар ирсэн танихгүй нэгэн биш, өөрийнх нь хайрлаж өсгөх ёстой гэр бүлийн нэгэн гишүүн гэдгийг хүүхэд ойлгоход илүү хялбар байдаг.
-    Өмнөх төрөлтөөс ээжийн бие бүрэн тэнхрэх хугацаа 30 сар юм. 
-    Санхүүгийн хувьд төрөлт хэт ойрхон байх нь цэцэрлэг, сургууль, их сургуулийн төлбөр давхцахаас зайлсхийх аргагүй болгодог.

Хайрцаглана: 
Дүүтэй болох гэж байгаагаа мэдсэн ах, эгч нарын хөгжилтэй ярианаас:

-    “Энэ чинь тэгээд хэний хүүхэд юм бэ?”
-    “Дүүгээ төрөхөөр нь эмээ, өвөө хоёрт өгч болох уу?”
-    “Та яагаад манай дүүг идчихсэн юм бэ?”
-    “Ээж ээ, чи дүүг түр гаргаад өгчих, бид хоёр ганцхан удаа гадаа тоглочихоод ирье тэгэх үү?”
-    “Дүү ээжийн гэдсэнд байгаа юм чинь би аавын гэдэснээс гарсан юм болов уу?”


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна