Хятад улс шинжлэх ухаан, технологийн суурь судалгаанд хөрөнгө хаяж байна

2017/06/07
Монгол Улсын 47 хүний бүрэлдэхүүнтэй сэтгүүлчдийг баг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны урилгаар 2017 оны 5 сарын 31-ээс зургадугаар сарын 6-ны өдрүүдэд Бээжин хот, Жэжян, Гуандун мужийн шинжлэх ухаан, тенхнологийн хөгжил, ололт амжилттай нүдээр танилцаж, инновацийг нийгмийн бүхий л салбарт хэрхэн хөгжүүлж байгааг сурвалжиллаа.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2014 онд Монгол улсад айлчлах үеэрээ 5 жилийн хугацаанд Монгол улсын 250 сэтгүүлчийг БНХАУ-д урихаар амласны дагуу 3 дах удаагийн сэтгүүлчдийн баг тус улсад айлчилсан юм.

Анхны айлчлал Ялалтын баярын хүрээнд зохион байгуулагдаж Хятад Зөвлөлтийн дайчдын дурсгалын цогцолбортой танилцан, Нанжинь хотын дайны үеийн үйл явдлын бодит түүхийг харуулсан музейгээс бэлтгэсэн сурвалжлагийг Монголын үзэгч, уншигчидад хүргэсэн бол 2016 онд “Ногоон хөгжил” сэдвийн дор БНХАУ-аас байгальд ээлтэй ногоон хөгжлийн бодлогыг хэрхэн дэмжиж, бодит ажил болгож байгаа байдлын талаарх мэдээ сурвалжлагыг Монголын уншигчидад хүргэж байжээ. Харин энэ удаагийн баг "БНХАУ-ын инновацийн  хөгжилд анхаарлаа хандуулъя" сэдвийн хүрээнд болсноороо өргөн цар хүрээтэй, ажил хэрэгч байлаа. 

Айлчлалын эхний өдөр /2017.06.01/ Монголын сэтгүүлчдийн баг БНХАУ-ын Шинжлэх ухаан технологийн яам, Бээжин хотын Шинжлэх ухаан, технологийн хороогоор зочлон тус яам болон хорооны албаны хүмүүсээс Инновацийг хөгжүүлэхэд баримталж буй бодлого, төрийн зүгээс дэмжлэг үзүүлж буй байдлын талаарх мэдээллийг сонссон.


Хятад улсын Инновацийн хорооны дарга Зан Шин “2016 онд Хятадын инновацийн судалгааны санхүүжилт 1 их наяд, 550 тэрбум юаньд хүрч, инновацид оруулж байгаа хөрөнгө оруулалтын жагсаалтаараа дэлхийд дэд байранд орсон. Бид сансарын пуужин бүтээх, хиймэл дагуул нисгэх, газрын гүнийг судлах, далайн ёроолд шумбах шумбагч онгоц зэрэг технологийн шинэ ололт амжилтанд суурилсан томоохон төслүүдийг инновацийн хөгжилд суурилан амжилттай хэрэгжүүлж чадсан. Мөн газар тариалан, аж ахуйд инновацийн хөгжлийг нэвтрүүлж, Бээжин, Шанхай зэрэг том хот болон бүх хятадад 16 инновациййн паркийг нээгээд байна.

Шинжлэх ухаан, технологи инновацийн хөгжлийн бодлогод зарцуулж байгаа нийт зардлын 70 хувийг  аж ахуй эрхлэгчдээс, 22 хувийг төрөөс,  8 хувийн бусад эх сурвалжаас санхүүжүүлэх байдлаар зохицуулж ирсэн. Төрөөс гарах санхүүжилтийн ихэнх нь шинжлэх ухааны суурь судалгаанд  зарцуулагддаг.

Манай улсын хувьд дэлхийн өнцөг буланд мэргэжил эзэмшүүлэх, залуу эрдэмтэн судлаачдыг эх орондоо ирж ажиллах бүх талын хөшүүрэг бий болгосон. Тухайлбал цалин  хангамж, амьдралын   баталгаагаар нь хангадаг.  Цаашдаа инновацийн хөгжлийн чиглэлд бид 2016 онд баталсан 13-р V жилийн төлөвлөгөөг батлан ажиллаж байна” гэлээ.



Сэтгүүлчдийн баг Бээжин хотын Шинжлэх ухаан, технологийн хороогоор зочлон хороогоор мөн зочилсон. Энэ үеэр тус хорооны дэд дарга Вэй Жиа Мин ”БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Нэг бүс-Нэг зам” бол бүтээн байгуулалтын зам, инноваци шинэчлэлтийн зам, найрамдлын зам, хамтдаа урагш хөгжин дэвших зам хэмээн тодорхойлсон байдаг.

Энэ бодлогын хүрээнд бид Монгол улстай хэрхэн харилцан ажиллах талаар бодлого гарган ажиллаж байгаа. Бид Монгол Улсын зарим сургууль, судалгааны байгууллагатай хамтран ажилласан туршлагатай. Үүндээ үндэслээд цаашид гурван чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаа. Үүнд шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдыг солилцох, өндөр технологийн үйлдвэрүүдэд шууд солилцооны журмаар мэргэжилтэн ажиллуулах, Бээжингийн аж ахуй нэгжүүд монголын аж ахуй нэгжүүдтэй хамтран ажиллах шинэ мэргэжил бий болгох, хамтарсан лаборатори байгуулах замаар мэргэжилтэн бэлтгэх, солилцох чиглэлд бодитой ажил хийж болох юм.

Эдгээр чиглэлд үр харуулахыг хүсч байна. Хөрш орны хувьд бид байгаль орчин, мал аж ахуй, газар тариалан, хот төлөвлөлт, хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр гээд олон чиглэлд хамтран ажиллах боломж нээлттэй байгаа” гэлээ.



Хятад улс шинжлэх ухаан технологийн салбарт зарцуулж буй хөрөнгө санхүүжилтээр онцгойрохыг чухалчилж байгаа бөгөөд дэлхийд жишиг болсон шинжлэх ухааны бүс байгуулах зорилт тавин ажиллаж байна. БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2014 онд Шинжлэх ухаан технологийн хороотой танилцах үеэрээ Хятад улс дэлхийд тэргүүлэх инновацийн төв байгуулах хэрэгтэй. Бээжин хот соёлтой Бээжин, шинжлэх ухаанч Бээжин, ногоон хөгжилтэй Бээжин байх ёстой хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Бээжин хотын шинжлэх ухаан технологийн хорооны Бодлого, хууль журмын газрын дарга Ни Вэнь Лон “Арван гуравдугаар таван жилийн төлөвлөгөө”-нд тусгагдсан шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн төлөвлөгөөг танилцуулсан.

Тэрбээр “2016 оын тавдугаар сарын 31-нд Бээижн Шанхай төвтэй шинэ инновацийн төв байгуулж, бүх хятадын шинжлэх ухаан технологийн салбар гурван алхмаар явахыг дурдсан. Ингээд 2017 оны хоёрдугаар сард Бүх хятадын инновацийн төв байгуулах асуудлаар холбогдох албаныхан хуралдаж дөрөвдүгээр сард нь ажлаа тайлагнаж Инновацийн төв байгуулах шийдвэр гаргасан. Төв 2017-2020 онд 225 ажил хийхээр төлөвлөгөө боловсруулж томоохон шинжлэх ухааны төслүүдийг хэрэгжүүлж, жижиг шинжлэх ухаан технологийн паркийг шинэчлэх, тогтолцоог нь сайжруулах, дэлхийн эрдэмтэн судлаачдыг урьж ажиллуулах зэрэг үүрэгтэй ажиллаж байна. Бид хүмүүс урьж ажиллуулах, судалгааны чанар, шинээр байгуулагдаж буй шинжлэх ухаан технологийн парк зэргээр дэлхийп тэргүүлж байна. Харин Бүх Хятадын хэмжээнд судалгааны үр дүн, инновацийн хөгжилд бэлтгэгдсэн байдал, туршилт, жижиг шинжлэх ухааны паркын хөгжлөөр тэргүүлж байна” гэлээ.


Бээжин хотын Шинжлэх ухаан технологийн хорооны Олон улсын хамтын ажиллагааны газрын дэд дарга Гө Рүйгийн хэлснээр Хятад улс шинжлэх ухааны салбарт олон улстай 1+1+6 гэсэн зарчим баримтлан ажилладаг аж. Одоогоор 50 гаруй улсын 2000 гаржй нэгжтэй хамтран ажиллаж байна. Европ, дундад Канад, дундад Изриальтай 2013 оноос хамтран ажиллажээ. Цаашид олон улсын хурал тогтмол зохион байгуулах, тэргүүлэгч улсуудтай хамтран ажиллах, шинжлэх ухааны томоохон үзэсгэлэн зохион байгуулах, шинээр мэргэжилтэн бэлтгэхийг чухалчилж байгаагаа дуулгалаа.



Харин Монгол Улстай тодорхой төсөлд хамтран ажиллах сонирхолтой байгаа аж. Тухайлбал манай ШУАХ-тай хамтарч уламжлалт анагаах ухааы чиглэлээр, ШУТИС-тай хамтран сэргээгдэх эрчим хүч ашиглах талаар судалгаа хийж байгаа нь хамтын ажиллагааны эхний үр дүн юм байна.

Сэтгүүлчдийн баг тухайн өдөр Бээжин хотын Жунь Гуань Цунь үндэсний Инновацийн үзэсгэлэнгийн 4000 м2 талбайтай танхим, видео судалгааны чиглэлийн Леяард компанийн үйл ажиллагаатай танилцаж инноваци бодит амьдралд хэрхэн нэвтэрч байгааг бодитоор үзэж харсан  юм.

Сэтгүүлчид хоёр багт хуваагдан Бээжин- Ханжоу-Нинбо, Бээжин-Гуанжоу- Теньжин гэсэн маршрутаар айлчлалаа цааш үргэлжлүүлж, өндөр технологийн үйлдвэрүүд, дэлхийд тэргүүлэгч компаниудтай биечлэн танилцсан. Энэ удаагийн айлчлал арвин баялаг мэдээлэлтэй, үзэх харах, суралцах зүйл ихтэй байснаараа онцлог байлаа. Айлчлалын талаар цуврал сурвалжлагыг бид үргэлжлүүлэн хүргэх болно.

 








С.ОТГОНСҮРЭН 





 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна