Бундуктарын учир битүүлэг сонголт

2017/06/25
Кутуз хүрээ буудалд нь ирж, олзолсон аль өнгөтэй өөдтэй бүхнийг нь сорчлон булаахаас өмнө олзлогдсон монгол охид, бүсгүйчүүдийг нүдээр үзэж, шилж сонгохоор Бундуктар асартаа авчрууллаа. Түүний дэргэд Баалбекийн Шихнэ байгаад Трифолийн зүг зугтаж явах замд гүйцэгдэн алуулсан Монголчуудыг аялдан дагалдагч Шариф Хамидийн сангийн даамал байсан Башир хэмээх тарган балтгар сири эр зогсоод, орж ирж буй охид бүсгүйчүүдийн хэн болохыг Бундуктарт танилцуулан хэлж байв. Тэр Башир бол Бундуктарын эртний нууц сүлбээтэн бөгөөд олон сүлжээ таншуулуудынх нь нэгэн байжээ. 

Монгол охид, бүсгүйчүүдийн эрхэмсэг, танхи, язгуурлаг нь бусад үндэстнээс илэрхий тод ялгарах учир газар бүрийн хаантан, вантан, гүнтэн, султантан, эмиртэнүүд бүгдээр чухам монгол хатан авахыг ихэд эрхэмлэдэг нь аргагүй ажгуу хэмээн тэдгээр охид бүсгүйчүүдийг шинжин харж суухдаа Бундуктар эргэцүүлэн байв. Тэдний олонхи нь хувь заяаны ямар ч хахир хатуу ширвэлт, эрс догшин өөрчлөлтийг тосон авахад бэлэн эрхэмсэг болоод ихэмсэг харагдана. Бундуктар өөр бусад цөөнгүй үндэстний олзлогдсон охид бүсгүйчүүдийг үзэж, бас таалж байсан ба ихэнхдээ тэд айн дагжиж, бас ямар нэгэн аяг ааш үзүүлэхийг оролдох бол эдгээр охид бүсгүйчүүд тийн баширлах нь тун ховор ажээ. Сайхан монгол бүсгүйчүүдээс чухам алийг нь сонгож ядан суутал Башир түүн рүү тонгойж,

- Хамгийн сүүлд орж ирж буй тэр жижигхэн туранхай охин бол Хитбух ноёны ач охин Аранзал хэмээгч мөн дүрээрээ байна гэв.

Дөрвөн мөчийг нь үе үеэр нь тасчин жиргэж байхад өчүүхэн ч халирахгүй харж байсан Хитбух ноёнтны харцыг тэр өчүүхэн туранхай хөх охиноос олж хараад Бундуктар цочих шиг болжээ. Тэгээд хэсэг зуур алмайран сууснаа Баширийг “Тонгой” хэмээн дохиод, тулж ирсэн чихэнд нь аяархан,

- Башир, чамаас өөр энэ охиныг таних хүн ер манай цэрэг олон даяар бий юу? гэж асуув. 

- Үгүй болов уу гэж бодож байна, эрхэм дээдэс ээ. Нэг л хүн мэдэж байж магад. 

- Тэр мэдэх хүн хэн бэ?

- Сая бидэнд бууж өгсөн Муса султаны дагуул Ал Сиваяада хэмээх араб эр Хитбух ноёнтныхоор багагүй эргэлддэг байсан.

- Муса бууж өгөөгүй, урвасан юм. Мэдэж ав.

- Жа...

- Тэр Аль ... хэн гэв...?

- Аль Сиваяада, эрхэм дээдэс ээ. 

- Башир, хэрвээ энд Хитбух ноёны ач охин байгааг хэн нэгэн мэдэх аваас хэлийг чинь сугална гэдгийг битгий мартаарай.

- Жа. 

Бундуктар охид, бүсгүйчүүдийг гаргасны дараа шадар хүмүүстээ сүүлд гардаг томдсон хэлхэгэр цамцтай, туранхай хөх охиныг бусдаас нь нэн даруй салгаж, хүний анхааралд үл өртөх газар онцгойлон асран халамжлахыг зарлигдав. Хэрвээ тэр охины ширхэг хялгас төдий тасарсан байх аваас та бүхний толгойтой ярих болно, мөн тэр охиныг тийн асран буйг хэн ч үл мэдэх учиртай гэж нэмэв. Шадрууд нь тэдгээр хараа булааж, дур бадраасан чилдгэр чийрэг олон сайхан охид, бүсгүйчүүдээс чухам хамгийн жижиг хийгээд туранхай, хөвүүн мэт эршүүд зөрүүд царайтай хөх охиныг юунд тийнхүү онцгойлон эрхэмлэснийг ойлгож ядан, дэмий л нэг нэг рүүгээ гайхан харцгаажээ. Мөн Бундуктар нууц далд үйлийг нь хариуцсан Сахра Хажирахыг тусгайлан авчраад, “Муса муу нохойн гөлгийн дагуул болох Аль Сиваяада хэмээхийг даруйхан там руу нь тонилго” хэмээжээ. 

Тэртээ нэгэн цагт Их ноён Сүбээдэй баатрын цэргүүдээс амь зулбан зугтаж яваад, Ижил мөрний Дал далайд нийлэх олон салаа сархиагны дунд намагт шигдээд үхэн дуусаж байхад, хүчирхэг гараараа татан гаргаад зогсоогүй, газар дээр нь тас цавчиж орхилгүй амь өршөөн тэтгэж, арын албанд зүтгүүлж байсан Хитбух ноёнтны сүүлчийн ганц үр үртсийг өөрийнх нь мэдэлд өгөн хайрласан Аллах тэнгэртээ талархан залбирвай.

Зохиолч Б.Наминчимэдийн "АУГАА ЭРИН цуврал"-ын тэргүүн дэвтэр "Хөх илдний очис" романаас

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна