Мөнгөний мөн чанар...

9 цаг 18 минутын өмнө
"Бүх зүйлийг мөнгөөр худалдан авч болдог болго. Хайр дурлал, эх орон, эцэг эх, ёс суртхуун, шударга ёсыг хүртэл... мөнгөөр сольдог болго. Тэгсэн цагт бүгд мөнгөний эрхшээлд орох болно. Мөнгө хамгийн хүчтэй нь болно. Гэхдээ түүнээс хүчтэй нь бас бий. Тэр бол тэр бүхнийг эрхшээж буй мөнгийг эзэмшигч... Мөнгө бүхнийг дийлж байна гэдэг чинь түүнийг эзэмшигч бүхнийг дийлж буй хэрэг. Өөр бусад бүхэн бол мөнгөний өмнө юу ч биш. Өөр бусад нь бүгдээрээ зүгээр л сохор зоосны төлөө биеэ худалдахаар ирээд өмнө чинь шарвалзаж буй янхан адил болно. Тэгээд тэднийг тэр өндрөөс хараад, бахтайгаар тавлан инээгээрэй.
 
Тэр цагт мөнгийг эзэмшигч хамгийн адгийн урвагч байсан ч хамгийн үнэнч нь болж харагдана. Хамгийн өрөвдөх сэтгэлгүй шулаач, алуурчин байсан ч тэр хамгийн ариун нандин, өгөөмөр нь болж харагдана. Хамгийн ёс суртхуунгүй, бүдүүлэг, эрээгүй нь байсан ч тэр хамгийн нандин сайхан нь болж харагдах болно. Бүр хамгийн тэнэг нь байсан ч тэр бүхнээс өндөрт, жинхэнэ аугаа нь болно.
 
Мөнгөний аугаа их хүч нь ийм юм.
 
Тиймээс мөнгийг тахин шүтүүлж, бүхнийг аажмаар мөнгөний боол, уяаны гөлөг болго. Тэгээд хожмоо мөнгөний эзний өлмий дор шарвалзан хэвтэж байхад нь "Алив ээ, та нарын өнөөх аугаа сайхан нандин сэтгэл, эрхэм дээд ёс суртхуун чинь хаана байна. Үнэн ёс, шударга журам чинь хаана байна" гэж асуугаад, юу гэхийг нь сонсоорой. Тэд хариуд нь юу хэлнэ гээч. Би урьдчилаад хэльчихье. Эдгээр асуултуудын хариуд "Мөнгө, тэр бүгд чинь мөнгө л юм байна шүү дээ" гэж хэлнэ. Өөрөөр хэлэхгүй. Яагаад гэвэл тэдэнд тийм тохиолдолд өөр хэлэх үг байхгүй юм.
 
Мөнгө тийм л хүчтэй. Тэгэхээр мөнгийг эзэмшигч бол бүхнийг эзэмшигч, бүхнийг чадагч бурхан. Өөр бурхан гэж байхгүй. Үнэмшихгүй бол хайгаад үзэхгүй юу, мөргөөд, залбираад үзээрэй дээ. Мөнгийг эзэмшигч бүхнийг няц гишгэх болно. Мөнгийг хэн ч идэж чаддаггүй, харин бүгдийг идэж чаддагтаа мөнгөний аугаа их хүчин чадал нь оршиж байдаг юм."
 
Нэгэн зохиолын маань баатар ийн өгүүлэх ажээ. Би өмнөөс нь юу ч хэлж чадахгүй, дэмий л ээрч, муурч, зүрх чичирэн салагнан сууж байх юм.

Бид хэрвээ өнөөдөр явж буй зам мөрөө эргэж эс харваас яг ийм агуулгатай ертөнц рүү хөл тавьж байгаа шүү. Тэгээд мөнгөний эзэнд оосорлуулсныхаа дараа гасалж гангинаад хэрэггүй юм. Тэр мөнгөний эзэд цаламаа аль хэдийнэ бидний зүг, Монгол Улсын зүг хаячихсан шүү.
 
Одоо ч мөнгөтэй байгаа цагт бүхнийг болгоно гээд хууль, шударга ёсыг гишгичээд яваа хүмүүсээ бид харж дэмий гаслахаас өөр юу хийж чадаж байгаа билээ? Залуу үе нь бүлэг бүлгээрээ мөнгөтэй л бол бусад нь юу ч биш гэсэн итгэл үнэмшлээр өсөж, хар тамхи, гэмт хэрэг, завхайрал, утга учиргүй зугаа цэнгэлт автаж явааг юу гэх вэ?
 
Н.Наминчимэд


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна