Харшил нь маш олон янз байдаг. Тэр олон харшлын дундаас хүйтний харшил нь хамгийн хачирхалтай нь гэж болох байх. Хүйтэнд гадуур явах, бага зэрэг даарах, эсвэл хүйтэн усанд гараа дүрсэн төдийд харшил үүснэ гэж хэний санаанд орох билээ. Ийм ч болохоор хүйтний харшилтай хүмүүс тийм эмгэгтэй гэдгээ огт мэдэхгүй явах нь цөөнгүй.
Шалтгаан
Хүйтний харшил нь удамшлын онцлог, антибиотикийн хэрэглэх, цагаан хорхой, эсвэл цоорсон шүд, архаг бах зэрэг халдварын голомтын нөлөөгөөр үүсч болзошгүй гэж үздэг.
Шинж тэмдэг
Нүүр, шилбэ, гарын шуу, сарвуун дээр хүйтний аллергийн шинж тэмдэг хамгийн хүчтэй илэрдэг. Жирийн үед хүйтэн агаар байж байгаад дулаан байранд орох үед агшсан судаснууд тэлснээс хүний арьс улайж бага зэрэг загатнадаг ч 20-30 минутын дараа арилдаг. Харин харшилтай үед загатнах нь хүчтэй бөгөөд илүү удаан үргэлжилдэг. Харшил өгснийг илтгэх өөр нэг шинж нь нүд, уруул орчим хавагнах.
Хүйтний харшил нь хэд хэдэн янзаар илэрдэг.
Хүйтний харшлын үед арьсан дээр ягаан, цайвардуу өнөтэй тууралт, гүвдрүү гарч маш хүчтэй загатнуулахаас гадна хавагнана. Халгайнд түлэгдсэнтэй адил шинж тэмдэг илэрнэ гэсэн үг. Зарим тохиолдолд хүйтний харшилтай хүн аяга хүйтэн ус уусны дараа хэл, залгиур нь хавагнаж, гэдэс нь өвддөг.
Хүйтэн, чийг хоёр хосолсон үед харшлын илрэл нь бүр ч хүчтэй. Нүүр, сарвуу, шилбэ, гуяны дотор тал хамгийн их өртдөг.
Энэ үед хуурай, дулаан байр, хуурай хувцас, халуун цай, гистамины эсрэг үйлчилгээтэй эмүүд /Харшлын эмчид үзүүлээд зөвхөн эмчийн бичиж өгсөн жорын дагуу./ туслана. Дулаан хувцаслах хэрэгтэй ойлгомжтой. Синтетик даавуун хувцас харшлын илрэлийг хүчтэй болгодог гэдгийг анхаараарай.
Хамрын ханиад. Нусгайтна гэсэн үг. Хүйтэн агаарын нөлөөгөөр ингэдэг. Хүйтэнд гадаа гарахын өмнө хамрын дусаал дусааж болох ч ийм дусал ойр ойр хэрэлэх нь салтс бүрхүүлд муу нөлөө үзүүлдэг. Иймд цэгэн иллэг, дулаан газар л тус болно.
Нүдний салст бүрхэвчийн үрэвсэл. Нүд улайж, нулимс гарч, загатнуулна. Дулаан газар орохоор эдгээр шинж тэмдэг нь арилдаг. Нарны шил зүүж, нулимсаа нэг бохир гараараа бус нэг удаагийн алчуур, салфеткаар арчиж бай.
Толгой таллаж өвдөх. Мигрень. Хүйтний гаралтай толгой өвдөлтөөс сэргийлэхийн тулд толгой нүцгэн явахаас зайлсхий. Хүйтэнд хүйтэн ундаа уух, зайрмаг энэ тэр идэх хэрэггүй. Хүйтний гаралтай толгой өвдөлт нь дулаан газар ормогц аяндаа арилна.
Нуруугаар хатгуулах. Хүйтний нөлөөгөөр мэдрэийн ёзоор үрэвсэх үед үүснэ. Сайн дулаалаагүйгээс даарч, нуруу өвдсөн бол халуун цай, халуун устай ваннд орох, халуун оргиулдаг тос түрхэж болно.
Амьсгааа боох. Хүйтний нөлөөгөөр амьсгалын зам огцом агшидаг. Дулаан газар ормогц аяндаа арилна. Гадаа явахдаа ам, хамраа ороолт, бээлийгээрээ дарж зөвхөн хамраараа амьсгалах хэрэгтэй.
Хүйтний аллерги нь астм /астма / буюу багтраа зэрэг бусад харшилтай хавсрах нь цөөнгүй.
Эмчилгээ
Хүйтэнд дасна гэж байдаггүй болохоор хүйтний харшилтай хүн сэрүүн улиралд гадаа гарахдаа аль болох дулаан хувцаслаж байх ёстой. Гадагш гарахаас хагас цагийн өмнөөс чийгшүүлэх нөлөөгүй хамгаалах тос түрхэж өгөх хэрэгтэй. Хоолондоо ханаагүй тослог хүчил омега -3 ихээр агуулсан оливийн, эрдэнэ шишийн, рапсын тос, тослог өндөртэй загасны мах зэргийг түлхүү оруул. Мөн А, С, Е, PP амин дэм ууна. Мөн хоолыг зөвхөн халуунд нь идэж байх хэрэгтэй. Гадаа гарахынхаа өмнө халуун цай ууж байх хэрэгтэй.
Хүйтэн нь харшлаас гадна хүйтний гаралтай арьстасын шалтгаан болдог. Ийм үед нүүр, чих, гарын сарвуу зэрэг хүйтэн хамгийн их өртдөг газрын арьсны тэжээл нь алдагдаж хүрэн улаан өнгөтэй загатнуулж холцруутсан толбо үүсдэг бөгөөд арьс хуурайшина. Заримдаа арьстас нь гуя, өвдөгний дотор тал гэсэн хүйтэн нэн мэдрэмтгий хэсгүүдэд үүсдэг. Ийм үед захын цусан хангамж сайжруулах эм, А, С, Е, PP амин дэм хэрэглэдэг. Дахин даарч, хөрөхөөс сэргийлж чадсан үед хүйтний гаралтай арьстасыг 2 долоо хоногийн дотор эмчлэх боломжтой гэж үздэг байна.
Хүйтний гаралтай арьстастай хүмүүс гадаа гарахаас 20-30 минутын өмнө нүүр, гар, чихэндээ тос түрхэх хэрэгтэй. /Усны орцгүй, чийгшүүлэх нөлөөгүй тос байх ёстойг анхаараарай. Тосны агуулга өндөртэй крем/. Харин орой унтахдаа гараа угаахдаа чийгшүүлэх нөлөөтэй хөөс, гель хэрэглээрэй. Учир нь хэт хуурай арьс хүйтэнд нэн мэдрэмтгий болдог.
Орой ваннд орохоор бол усандаа 5 дусал ментолын тосон уусмал, Е витамин, эсвэл оливийн юмуу тоорын /персик/ тос нэг халбагыг хийнэ. Уснаас гарсны дараа хуурай болтол нь арчилгүйгээр хөнгөн арчаад тос түрх.
Загатнах үед гааны, нарсны гэсэн эфирийн тостой усанд орвол намдана. Мөн цагаан, цайвах цэнхэр, ногоон гэсэн тайвшруулах өнгөтэй хувцас өмсвөл загатнах нь бага байдаг.
Мөн халбаганы 1/3 хүнсний содыг стакан бүлээн усанд уусгаад арьсаа арчвал загатнах нь бага байна. Мөн зуун настын шүүс, ментолын уусмал, Е витамны уусмалаар арчвал загатнах нь багасна.
Эдгээр арга хэмжээ нь тус болохгүй байгаа бол харшлын эмчид үзүүлсний дараа нь гистадин, кларитин, задитен, тавегил, супрастин, телфаст гэсэн гистамины эсрэг үйлчилгээтэй эмийг жорын дагуу уугаарай.
Сэтгэгдэл бичигдээгүй байна