Б.Индра: Зүүн дөрвөн замын давхар гүүрэн гарцын ажил энэ онд эхэлнэ

2018/01/12
Нийслэлийн авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индратай ярилцлаа.
 
ДАВХАР ГҮҮРИЙН АЖЛУУДЫГ ЭХЛҮҮЛЖ, ХӨДӨЛГӨӨНИЙ НЭВТРЭХ ЧАДВАРЫГ НЭМЭГДҮҮЛНЭ

-Улаанбаатар хот 2017 онд дөрвөн гүүрний өргөтгөл, шинэтгэлийн ажлыг эхлүүлсэн байна. Ямар ажлууд эхлүүлсэн бэ?

-Нийслэлийн засаг даргын мөрийн хөтөлбөрт дөрвөн замын уулзварыг хоёр төвшнийх болгоно гэж тусгасны дагуу Зүүн дөрвөн замын давхар гүүрэн гарцын ажил энэ онд эхлэхээр төлөвлөж байгаа. Энэ ажлын хүрээнд өргөтгөл, шинэчлэлийн ажлууд давхар хийгдэнэ. Энэ бүтээн байгуулалт хийгдсэнээр Нарантуул худалдааны төвийн баруун урд уулзвараас Сансарын туннел хүртэлх, Бөхийн өргөөний уулзвараас Кино үйлдвэрийн урдах уулзвар хүртэлх авто замын түгжрэл эрс буурч, иргэд ая тухтай саадгүй зорчих боломж бүрдэнэ.

Өнгөрсөн онд Улаанбаатар хотод замын сангийн 35.8 тэрбум төгрөгөөр 24 төсөл, бүтээн байгуулалтын ажлыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар (НАЗХГ) хийж гүйцэтгэсэн. Гадаадын зээл, тусламжаар 134.9 сая долларын төсөвт өртгөөр хоёр улсын Засгийн газрын урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Сонсголон, Яармаг, Замын цагдаагийн, Баянзүрхийн Туулын гүүрийг шинээр барих ажлууд, хуучин гүүрийг засаж шинэчлэх ажлууд эхэлчихсэн явж байна.

Харин Налайх-Чойрын 20.9 км авто замын бүтээн байгуулалтын ажлын зургийн ажлууд тус тус хийгдээд дууссан. Энэ онд барилгын ажил нь эхэлнэ. Ингэснээр Улаанбаатар хотын зүүн тийшээ гарах хөдөлгөөний эрчим сайжирч, саадгүй зорчих боломж бүрдэнэ.

-Өнгөрсөн онд эхэлсэн Баянхошуу, Хайлаастын замын ажил хэзээ дуусах вэ?

-Энэ жил Улаанбаатар хотын их Тойруугийн зарим замыг хийж дуусгахаар төлөвлөсөн. Долоон буудал орчмоос шууд зүүн хойд хэсэг болох Дарь-Эхийн чиглэлд гарах гарц байдаггүй. Хойд чиглэлээс ирж буй авто машинууд бүгд хотын төвд орж ирээд 100 айл, Сансарын тойргоор нэвтрэлцдэг. Тиймээс гуравдугаар тойруугийн замын 52 метр урт гүүр болон сувгийн тохижилт, замын ажлыг эхлүүлж байгаа. 

Ингэснээр Да хүрээ зах, Шархадны эцсээс Хайлаастаар дамжин шууд Баянхошуу, Зүүн салаа гээд хотын баруун хойд зүгт түгжрэлгүй чөлөөтэй явах боломж бүрдэх юм. Энэ хүрээнд Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн уулзвар хүртэлх замыг холбох ажлыг эхлүүлээд явж байна. Мөн Сэлбэ гол дээрх 50 метр урт гүүрний бүтээн байгуулалтын ажил 40 гаруй хувийн гүйцэтгэлтэй явж байна. Энэ ондоо холбох замын ажлыг дуусгана.

-Энэ онд шинээр зам тавигдах уу?

-Энэ онд Замын сангийн хөрөнгөөр 36.8 тэрбум төгрөгийн замын ажил хийгдэнэ. Мөн нийслэлийн дүүргүүдэд хамгийн их ачаалал авдаг гол болон туслах замуудыг шинээр нэмж барина. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 16,18 дугаар хороонд байрлах Тоосгоны үйлдвэрийн авто замын ажил, Баянзүрх дүүргийн 5,22 дугаар хороо, Монелын уулзвараас урагш УСУГ-ын авто баазын өмнөх уулзвар хүртэлх зам, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Далан давхрын шинэ авто замаас 224 дүгээр цэцэрлэг хүртэлх шинээр баригдах зам гэх мэт.

Зам, засварын урсгал ажлууд хуваарийн дагуу тогтмол хийгдээд явна. Мөн дугуйн замын дэд хөтөлбөрийн хүрээнд Баянзүрх дүүргийн нохойтой хөшөөнөөс 10 дугаар хорооллын Хермес төвийн уулзвар хүртэл нарны замаа дагаад дугуйн замын ажил хийгдэнэ.

Замын цагдаагийн албанаас осол, аваарын судалгаа авахад Дарь-Эхийн уулзвар, Сансарын тойрог орчимд арван жилийн сургуулиуд их байдаг учраас осол их гардаг байсан. Тиймээс явган хүний томоохон гарцыг Сансарын тойрогт хийсэн. Тус гарц нь сүүлийн үеийн загвараар, стандартын дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэд чөлөөтэй зорчих боломжийг бүрдүүлсэн.

-Авто замын чанарыг сайжруулах чиглэлээр Жайкатай хамтарч гарын авлага гаргасан юм байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Авто замын чанарыг сайжруулахын тулд Жайкатай хамтран гарын авлага гаргасан. Тус гарын авлага нь стандартын дагуу яаж гүйцэтгэх, хэрхэн ажлыг дүгнэх зэрэг мэргэжлийн удирдамж, зааварчилгааг багтаасан учраас гүйцэтгэгч байгууллагууд дагаж мөрдөн ажиллаж байгаа.

Түүнчлэн Улаанбаатар хотын авто замын сүлжээнд хэд хэдэн томоохон ажлуудыг хийсний нэг нь орон сууц, гэр хорооллын доторх авто замын трассуудыг шинээр бий болгосон явдал юм. Энэ хүрээнд орон сууцын болон гэр хороолол доторх чулуун замыг асфальтан замтай хослуулж хийсэн. Чулуун замын давуу тал нь инженерийн шугам сүлжээ байгаа газарт уг чулуун хийцээ сугалж аваад, шугам сүлжээгээ засварлаад буцаагаад чулуун хийцээ хийхэд ямар нэгэн эвдрэл үүсэхгүй. Мөн налуу, халтиргаа гулгаа ихтэй замуудад түлхүү хийж өгснөөр халтиргаа, гулгаа эрс багасна.

2017 оны хувьд авто замыг теле камержуулах, гэрлэн дохиог шилэн кабельд холбох шугам сүлжээний ажлууд нэлээдгүй хийгдсэн. Энэ хүрээнд Замын хөдөлгөөний удирдлагын төв дээр холбогдох техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, засварлах ажлууд хийгдэж дууссан. Үүнээс гадна Авто замын мастер төлөвлөгөөг эхлүүллээ. Эхний үе шат нь өнгөрсөн онд хийгдэж дууссан. Хоёр дахь шат нь энэ онд дуусна.
 
ТӨЛБӨРТЭЙ АВТО ЗОГСООЛЫН ТООГ НЭМЭГДҮҮЛНЭ

-Нийслэлд зөвшөөрөл олгоогүй байхад төлбөртэй зогсоол байгуулсан газрууд олон байна. Зөвшөөрөл аваагүй байж, төлбөр авч байгаа нь хууль бус гэж хэлж болох уу?

-2017 онд НАЗХГ, холбогдох бусад байгууллагуудтай хамтарсан ажлын хэсэг гаргаад, нийтийн эзэмшлийн зам талбайг хааж, үйл ажиллагаа явуулж байсан 170 аж ахуй нэгжийн үйл ажиллагааг таслан зогсоосон. Иргэд өөрсдийн эзэмшлийн үйлчилгээний газартаа зөвхөн манайд үйлчлүүлсэн хүмүүст л машины зогсоол үнэгүй төлбөргүй гэж хууль бус үйл ажиллагаа явуулдаг.

Харин бусад үед авто зогсоолд машинаа тавьсан иргэдээс хураамж авч байсан зэрэг зөрчил гарсан. Тиймээс зөвшөөрөлгүй авто зогсоол ажиллуулж байж төлбөр авах нь хууль бус. Авто зогсоолын хувьд өнгөрсөн жил шинээр 27 төлбөртэй авто зогсоолыг бий болгоод үйл ажиллагаагаа явуулж байна. Цаашид Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн зам талбай дээр төлбөртэй зогсоолыг нэмэгдүүлнэ.

-Төлбөртэй зогсоолууд нийт орлогын 60 хувиар Авто замын сангийн хөрөнгийг бүрдүүлдэг гэсэн. Энэхүү мөнгийг юунд ашигладаг вэ?

-Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолд нийтийн эзэмшлийн зам талбай дээр албан ёсны зөвшөөрөлтэй авто зогсоолуудаас хураамжийн үнэ тарифыг тогтоосон байдаг. Тогтоолынхоо дагуу үйл ажиллагаа явуулж байгаа хувь хүн, албан байгууллагуудын олсон ашгийн 60 хувь нь Авто замын санд төвлөрч, үлдсэн 40 хувь нь үйл ажиллагаа явуулж буй хувь хүн, албан байгууллага авдаг.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна