Хөвсгөл аймгийн маань 24 сумаас Цэцэрлэг, Ханх, Рэнчинхлүмбэ, Цагааннуур сумд интернэтийн сүлжээнд холбогдоогүй байсан. Тус сумдын иргэд, хүүхэд залуучуудын зүгээс өндөр хурдны шилэн кабельд холбуулах талаар тавьсан хүсэлтийг “Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар”-т уламжилсны дагуу 2017 онд Цэцэрлэг сумыг шилэн кабельд холбох ажлыг “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨК-ийн 540 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар, Ханх, Рэнчинлхүмбэ суманд үүрэн холбооны 3G сүлжээ, интернэт оруулах ажлыг Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн 250 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж ашиглалтад оруулсан юм. Энэ онд Цагааннуур, Рэнчинхлүмбэ сумдыг шилэн кабельд холбох ажлыг “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨК-ийн 720 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийхээр шийдвэрлүүлээд байна. Шилэн кабельд холбуулах талаарх хүсэлтийг маань дэмжсэн “Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар”-ын дарга Б.Чинбат, “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨК-ийн ТУЗ-ийн дарга Н.Мягмарсүрэн, гүйцэтгэх захирал Ч.Золбаяр, “Харилцаа холбооны зохицуулах хороо”-ны дэд дарга Д.Сэрээдорж нарт талархсанаа илэрхийлье. Өндөр хурдны интернэтэд холбогдсоноор төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээ хурдтай, хүртээмжтэй болж, бидний хойч үе болсон хүүхэд залуучууд мэдээ, мэдээллээс хоцрохгүй байхаас гадна нийгмийн сүлжээ фэйсбүүк, твиттер, инстаграм ашиглаж цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах боломж нээгдэх юм.
Сэтгэгдэл бичигдээгүй байна