Төр нийгмийн нэрт зүтгэлтэн ДАШИЙН ДАМБЫН мэндэлсний 110 жилийн ой тохиож байна

2018/09/30
Хошууны бичээч, сумын нарийн бичгийн даргаас Монгол Улсын Ардын Их Хурлын дарга хүртэл, намын жирийн гишүүнээс МАХН-ын Төв Хорооны 1 дүгээр нарийн бичгийн дарга хүртэл дэвшин ажилласан төр нийгмийн нэрт зүтгэлтэн Дашийн Дамба нь Булган аймгийн Тэшиг сумын нутагт 1908 оны 3 дугаар сарын 29-нд мэндэлжээ. Тэрээр анхны томилолтоо Хөвсгөлд эхлэж, аймгийн ХЗЭ-ийн хорооны даргаар ажиллахдаа Хатгалын ноос угаах фабрик, Зүүн Хараагийн САА-д ажилчин элсүүлэх, аймгийн хэмжээний өвс хадлан бэлтгэх, мал нядалгааны ажлыг зохион байгуулах, сүм хийд, лам нар, гадаадын пүүсээс албан татвар авах зэрэг ажлыг сайн гүйцэтгэж, удирдан зохион байгуулах авьяас чадвараа харуулсан байна.



1921 оны үндэсний ардчилсан хувьсгалаас хойш 1940 он хүртэлх хугацаанд хуучин нийгмийн тогтолцоог өөрчилж даван туулах, шинэ харилцааг бүрэлдүүлэн бэхжүүлэх талаар манай оронд дорвитой ахиц өөрчлөлт хийгдсэн юм. Гэвч Монгол улс долоон зуун мянган хүн амтай ихэнхи нь нэн ядуу, өвчин эмгэг бүхий, бичиг үсэгт тайлагдаагүй, бэлчээрийн мал аж ахуйгаас өөр амьжиргааны эх үүсвэргүй, түгжигдмэл хоцрогдсон, тусгаар тогтнолын баталгаагүй буурай орны нэг байлаа .

Д.Дамбын ид ажиллаж байсан түүхэн цаг үе нь улс төрийн хэлмэгдүүлэлтийн гунигтай он жилүүд, дэлхийн хоёрдугаар дайны хүнд үе, хүйтэн дайн ноёрхсон бэрх хэцүү үе, эх орныхоо тусгаар байдлыг бататгах хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө тэмцэл оргилсон цаг үе, нэг хүнийг дахин шүтэх үзэгдэл, түүний хор уршигтай тэмцсэн ярвигтай үе, нэгдэлжих хөдөлгөөн, нийгэмших үйл явц өрнөсөн жилүүд, монголын сэхээтнүүд улс орныхоо хөгжлийн асуудлаар өргөн шүүмжлэл өрнүүлж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байсан цаг хугацаатай давхцдаг юм.

Бас улс орныг хэтийн төлөвлөгөөтэй хөгжүүлэх бодлого, чиглэлийг анх дэвшүүлж, нийт аймагт улсын авто өртөөг 180 гаруй автомашинтай байгуулж, Монгол орноо 700 гаруй жилийн турш малчин ардуудын гүйцэтгэж байсан морин өртөөний албыг халж, уул уурхайн нилээд үйлдвэрүүд байгуулагдаж Наушка-Улаанбаатарын 400 км өргөн төмөр зам тавих, гурилын үйлдвэр, мах комбинат, Зүүнбаянд нефть олборлох, боловсруулах үйлдвэр байгуулах болон бусад томоохон объект, барилга байгууламж барих энх цагийн бүтээн байгуулалт ид өрнөж байжээ.



1947-1959 оны 3-р сар хүртэл хугацаанд Д.Дамба өрнүүн бүтээн байгуулалтыг хангахад мэдлэг оюун, хүч хөдөлмөрөө зориулан 12 жил хариуцан ажилласан байна. Эдгээр он жилүүдэд манай ихэнх аймгуудад барилгын анги байгуулагдан ажиллаж, Нийслэл хотын ерөнхий төлөвлөгөө батлагдаж Улаанбаатар хотын 40 мянгат хорооллыг барих барилгын 1-р контор 1957 оноос ажлаа эхэлсэн байна. Тэр үед манай оронд барилгын ажил хот, хөдөөгүй өрнөж Их барилга улс ардын аж ахуйн бие даасан том салбар болсон түүхтэй. Энэ хугацаанд Засгийн газрын ордон, Чихэр боовны үйлдвэр /Өгоөж чихэр боов ХХКІ, Төв номын сан, Дуурь бүжгийн театр, Төв эмнэлэг, “Элдэв Очир” кино театр, 10 жилийн 1-р дунд сургуулийн хичээлийн байр, 40, 120 мянгат хорооллын орон сууц, Налайхын их уурхай, Толгойтын тоосгоны завод, пионерын ордон, «Энх тайван» гүүр, биеийн тамирын ордны барилга дуусч, сүүний комбинат, Булган, Увс, Чойбалсан, Улаанбаатар хотын гурилын тээрмийн барилга зэрэг хот, хөдөөд сургууль эмнэлгийн олон арван барилга баригдаж ашиглалтад орсон бөгөөд Улаанбаатар-Налайхын засмал зам, Улаанбаатар-Замын үүдийн 700 гаруй км урт төмөр зам гэх мэт томоохон бүтээн байгуулалтын үйлсийг хэрэгжүүлжээ. 

Монгол оронд гэгээрүүлэх, суурьшуулах, соёлжуулах, иргэншүүлэх үйл явцын ирмүүн он жилүүдэд насанд хүрсэн бүх хүн бичиг үсэг мэддэг болсон, гадаадад үндэсний мэргэжилтэн бэлтгэсэн, нийтийг хамарсан дунд боловсролын тогтолцоотой болж, хоцрогдсон ард түмнийг гэгээрлийн их замд гаргаж ирсэн зэрэг их үйлсийн үр шим нийгмийн нүүдэлчин ахуй амьдралыг шинэчилсэн юм. Д.ДАМБЫН САНААЧИЛГААР МОНГОЛД ЗӨВЛӨЛТӨӨС ХҮН АМЫГ ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БОЛОН АРЬС ӨНГӨ, СҮРЬЕЭ ӨВЧНИЙГ ЭМЧЛЭХ ЭКСПЕДИЦҮҮД АЖИЛЛАН ОРОН ДАЯАР, ЭМЧИЛГЭЭ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛ ХИЙЖ, МАНАЙ ХҮН АМ ЭРҮҮЛЖСЭН. ҮҮНИЙ ҮР ДҮНД МОНГОЛ УЛСЫН ХҮН АМ 1960- ААД ОНД СУГА ӨСЧ, УЛМААР НИЙТ ХҮН АМЫН БҮТЦЭД 16 ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХЭД 46 ХУВИЙГ ЭЗЛЭХ БОЛСОН БАЙДАГ.

Бүх ард нийтийн санал асуулгыг зохион байгуулж тусгаар тогтнолоо баталгаажуулсны дараа дайн, улс төрийн хэлмэгдүүлэлт зэрэг зовлон гачаалд зүдэж цөхсөн ард олны урам зоргийг сэргээх, нийгэм сэтгэл зүйн уур амьсгалыг эрүүлжүүлэх шаардлага хэзээ хэзээнээс чухал байлаа.

Д.Дамба 1951 онд болсон Улсын Их Хурлын анхны ардчилсан сонгуулиар депутатаар сонгогдож, улмаар УИХ-ын анхны даргын нэр хүндтэй сонгууль хүлээсэн үеэс нийгмийн амьдралын олон талыг хамарсан, өргөн цар хүрээтэй бие даасан улс төрийн бодлого явуулж, бас намын дотоод ардчиллыг өргөжүүлэх, хамтын удирдлагын зарчмыг хэрэгжүүлэхийн төлөө идэвхитэй ажиллаж эхэлсэн байдаг. Д.Дамбын санаачилга оролцоотойгоор 1953 онд “Хамтын удирдлагын зарчмыг бэхжүүлэх тухай” МАН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны тогтоол гарсан нь ач холбогдлоо өгсөн гэж үздэг.

Монгол дахь нэг хүнийг тахин шүтэх үзлийг нийгмийн хэмжээнд анх удаа илчлэн шүүмжилж, түүнээс учирсан хор уршгийг арилган, ардчиллыг сэргээх үйлсийг эхлүүлсэн боловч дотоод, гадаад нөхцөл байдлаас шалтгаалж өөрийн үзэл бодол, үйл ажиллагаагаа тууштай, бүрэн гүйцэд хэрэгжүүлж чадаагүй ажээ. Гэмт хэрэнтэнд хүч хэрэглэхийг Дотоод яамны удирдлагад зөвшөөрсөн МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны нууц тогтоолыг хүчингүй болгох, шүүх прокурорын байгууллагын ажлыг үндсээр нь сайжруулах, нарийвчлан шалгагдаж гэм буруу нь тогтоогдоогүй нөхцөлд хүнийг дайчлан баривчлах явдлыг таслан зогсоох арга хэмжээ авч байсан байна.

ЗХУ-д аваачин хэлмэгдүүлсэн монголын удирдах хүмүүсийн тухай асуудлыг ЗХУКН-ын Төв Хороонд албан ёсоор тавьж, тэдгээр хүмүүсийг цагаатгуулсан юм.

Ж.Батмөнх дарга үзэл суртлын өөрчлөн байгууллалтын (1988-12) боломж гармагц улс үндэстэн, ард түмнийхээ сайн сайхны төлөө зүтгэж байсан түүнд улс төрийн товчооны гишүүний тусгай өндөр тэтгэвэр тогтоож ариун сэтгэлийн буян хайрласан билээ.

Д.Дамба нь нам, төрийн өндөр албан тушаалаасаа чөлөөлөгдөж, нутаг заагдсны дараа Хөвсгөл аймгийн Их-Уул сумын мал аж ахуйн машинт станцыг удирдаж, хэдхэн жилийн дотор ажлыг нь өөд татаж, үнэнхүү авьяаслаг зохион байгуулагч болохоо харуулж байв. Атрын анхны аяныг эхлүүлэх нөр их ажлыг гардан хэрэгжүүлэхдээ мал аж ахуйн машинт станцын үйлдвэр үйлчилгээний төв буюу жилд 400 трактор комбайнд их засвар хийх, засварын газар, зоо-мал эмнэлгийн салбар буюу үржлийн станц, хүниий их эмчийн сум дундын эмнэлэг, долоон жилийн дунд сургууль, цэцэрлэг, ясли, сургуулийн дотуур байр, ажилчны клуб, цахилгаан станц, авто бааз зэрэг үйлчилгээний бүх барилга байгууламжийг бариулах ажлыг үүсгэн зохион байгуулж, Их уул сумыг шинээр тохижсон суурьшсан соёл иргэншлэлтэй тосгон болгосон байна.



Дараа нь Хөдөө аж ахуйн дээд сургуулийн орлогч захирлаар 15 жил ажилласан билээ. Сургуулийн материал техникийн баазыг бүрэлдүүлж, оюутнуудын амьдрах суралцах нөхцөл бололцоог хангаж, багш ажилчдын зуслангийн газартай болгож, хичээлийн байр, анги танхим, дотуур байрын тохижилт өргөтгөлийг хугацаанд нь амжуулахын сацуу оюутан залуусыг ургацын далайд тогтмол хөтөлж, ажиллах амрах орчин нөхцлөөр халамжилж, газар тариалангийн экологит үр шимийг үрэгдэл хорогдолгүй хураахыг сургамжилж, тэдний эх оронч урам зоригийг бодит дэмжиж, нийгмийн хүнсний хэрэгцээ хангамжийг сайжруулахаар өрнөсөн атрын II аян зохион байгуулахад хувь нэмрээ оруулсан байна.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна