Жүдочдын шинэчилсэн чансааг М.Уранцэцэг тэргүүллээ

2019/02/28
Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос Германы “Дюссельдорф Их дуулга 2019” тэмцээний дараа бөхчүүдийн чансааг шинээр гаргасан байна.

Энэхүү шинэчилсэн чансаагаар эмэгтэйчүүдийн 48, 70, -78 кг жингийн тэргүүлэгчид солигдсоноор Дэлхийн аварга М.Уранцэцэг Украины Дарья Белодедийн өмнө орж чансааг тэргүүллээ. Сүүлийн үед барилдахгүй байгаа Дарья Белодед энэ удаа 2 байраар ухарсан байна.

Эмэгтэй 48 кг-д хүч үзэж буй жүдочдын чансааны эхний 5 тамирчныг оноогоор танилцуулахад, М.Уранцэцэг /Монгол/ 6218 оноогоор тэргүүлсэн бол Фүна Тонаки /Япон/ 6206, Дарья Белодед /Украин/ 5625 оноотой 2,3 дугаар байр эзэлжээ. Харин 4, 5 дугаар байрт Ами Кондо /Япон/ 5450, Ирина Долгова /ОХУ/ 4790 оноотойгоор шалгарсан байна.

Манай бусад жингийн бүсгүйчүүдээс 57 кг-д “Дюссельдорф Их дуулга 2019” тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, Хөдөлмөрийн баатар Д.Сумьяа 5849 уг чансааны гуравт эрэмбэлэгджээ. Түүний жинд Ёшида Цүкаса /Япон/ 7330, Нора Гякова /Косово/ 6155 оноотойгоор нэг, хоёрдугаар байрт бичигдсэн байна.

Харин эмэгтэйчүүдийн 52 кг-д “Дюссельдорф Их дуулга 2019” тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, залуу жүдоч Л.Сосорбарам 20 байр ахиж, 34-т дэвшжээ. Мөн эмэгтэйчүүдийн 63 кг-д ОУХМ Б.Мөнгөнчимэг 2976 оноогоор 11 дүгээрт, ОУХМ Б.Ганхайч 1780 оноогоор 25-д тус тус эрэмбэлэгдсэн байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна