Стандарт банкинд төлөх ёстой Эрдэнэт үйлдвэрийн өрийг 40 сая ам.доллараар хааж, барагдуулжээ

2019/04/05
Шадар сайд Ө.Энхтүвшин "Эрдэнэт" үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн нар "Эрдэнэт"-ийн 51 хувийн асуудлаар мэдээлэл хийлээ. "Эрдэнэт"-ийн 51 хувийн зүгээс холбогдсон гэх “Стандарт” банктай холбоотой асуудалд нийтдээ 115 сая ам.доллар төлөхөөр болоод байгаа ба үүнээс 40 сая ам.долларыг "Эрдэнэт" үйлдвэр баталгаа гаргасан үндэслэлээр төлж барагдуулсан байна.

Өр барагдуулсан тухай Шадар сайд Ө.Энхтүвшин “Засгийн газар арбитрын шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс аргагүй болсон. 2018 онд Ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсэг байгуулан ажилласан. Үүнд, хэд хэдэн сайд, хуульчид оролцсон. Ажлын хэсэг хэрэв өрийг төлөхгүй бол ямар эрсдэл үүсэх асуудлыг бодож үзсэн. "Эрдэнэт" үйлдвэрт төлөх гадаад төлбөрийн гүйлгээг царцаах асуудлыг зэсийн баяжмал авдаг хэд хэдэн компанид мэдэгдсэн байсан.

Мөн "Стандарт" банкнаас өр төлбөрийг даруй шийдэхгүй бол гуравдагч этгээдэд өрийг зарах асуудал үүсэхээр байсан. "Эрдэнэт" үйлдвэрийн удирдлагуудын гадаад оронд зорчих эрхийг хязгаарлах, хөрөнгийг хураах зэрэг эрсдэл үүсэхээр байсан. Тиймээс ажлын хэсгийн зүгээс Монгол Улсад хохирол багатайгаар төлбөрийг шийдэх хэрэгтэй гэж үзсэн. Эхний ээлжинд гадна талдаа асуудлаа цэгцэлж, дараа нь дотор талдаа буруутай этгээдээс төлбөрийг хийлгэхээр шийдсэн.Ингээд гурван сарын хугацаанд яриа хэлэлцээрийг идэвхтэй хийсний үндсэн дээр АНУ-ын компаниар дамжуулан урт хугацаанд үргэлжилсэн яриа хэлцлийн дараа 40 сая ам.долларыг хүү, торгуульгүйгээр нэн яаралтай төлбөл асуудлыг шийдэхээр тохиролцсон. Өрийг "Эрдэнэт" үйлдвэрийн эрсдэлийн сангаас гаргаж шилжүүлсэн. "Стандарт" банк хүлээж авч асуудлыг шийдэгдлээ гэж хариу ирүүлсэн. Ингэж гадна талдаа асуудлаа шийдлээ. Одоо дотор талдаа буруутай этгээдийг илрүүлэх болно. Үндсэндээ "Стандарт" банкны өрийг шийдсэн гэж хэлж болно” гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна