Авлигын хэрэгт ял сонссон Заамар сумын удирдлагууд хууль зөрчин, ажлаа хийсээр байна

Zuv.mn
2023/11/08

Бусдаас их хэмжээний хахууль авч авлига, албан тушаалын хэрэгт шалгагдаж буй Төв аймгийн Заамар сумын Засаг дарга Л.Амгаланбаяр, ИТХ-ын төлөөлөгч С.Амгаланбаатар нар  хариуцлага хүлээлгүй ажлаа үргэлжлүүлэн хийсээр байна. 

Тодруулбал, тус сумын Засаг дарга Л.Амгаланбаярыг удаа дараа бусдаас хахууль авсан хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж 2023 оны нэгдүгээр сарын 31-нд  нэг сарын  хугацаатай цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан байдаг.

Төрийн албан хаагчийн ёс зүйн хувьд шүүхээс ял сонсож, албан тушаалаа урвуулан ашиглаж олон нийтийн эрхийг зөрчсөн Л.Амгаланбаяр  ажлаа хүлээлгэн өгөх ёстой атал өнөөдрийг хүртэл албан тушаалтайгаа зууралдан, эрх чөлөөтэй явж байна.

Засаг дарга Л.Амгаланбаяр тус суманд үйл ажиллагаа явуулдаг жижиг компаниудад давуу байдал бий болгож, өөрөө дундаас нь ашиг хүртдэг байжээ. 

-Төв аймгийн Заамар сумын нутагт алтны бичил уурхайн чиглэлээр хувиараа үйл ажиллагаа явуулдаг иргэн Э.Бямбасүх ашиг сонирхлын үүднээс түүнтэй хамтран ажиллах гэрээ байгуулжээ.

Засаг дарга Л.Амгаланбаяр, тус сумын ИТХ-ын төлөөлөгч С.Амгаланбаатар нар албан чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд уурхайн эзнээс өнгөрөгч онд бусдын дансаар дамжуулан хахууль авсан нь тогтоогджээ. 

-Үүгээр зогсохгүй мөн тус сумын Хайлааст багт байрлах алтны бичил уурхайн чиглэлээр хувиараа үйл ажиллагаа явуулдаг “Зэумар Жалбо” нөхөрлөлийн эрхлэгч Г.Цэрэндагваас  2022 оны аравдугаар сарын 11-ний өдөр өөрийн найз Г.Гүндсамбуугийн Хаан банкны дансаар ...... төгрөгийн хахууль авсан байна.

- “Гурван тамга” ХХК-ийн захирал Л.Лхагвасүрэнгийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд түүнээс 2022 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр тус сумын ИТХ-ын төлөөлөгч Д.Болормаагийн дансаар дамжуулан ....... төгрөгийн хахууль авсан нь хуулийн байгууллагаар тогтоогджээ. 

 

Мөн Заамар сумын ИТХ-ын дарга С.Самбуу нь энэ оны есдүгээр сарын 21-ний өдөр шүүхээс ял авч, төрийн албанд ажиллах эрхээ хоёр жилээр хасуулан, 10 сая төгрөгөөр торгуулсан.

Түүнийг шүүхээс төрийн албанд ажиллах эрхийг нь хоёр жилээр хассан ч өнөөдрийг хүртэл ИТХ-ын даргын суудалдаа шигдсээр байна. 

Ард иргэд, нутаг орныхоо хөгжлийн төлөө ажиллах учиртай Төв аймгийн Заамар сумын удирдлагууд албан чиг үүргээ хэрэгжүүлснийхээ төлөө бусдаас хахууль авч нийтийн эрхийг зөрчиж байна. Хууль шүүхийн байгууллагаас гэм буруутайд тооцож, ялыг нь тогтоож өгсөөр байтал энэ мэт албан тушаалтайгаа зууралдаж, хуулийг үл хүндэтгэж буй хүмүүст ямар арга хэмжээ авах вэ. 




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.187.212
    2024/12/12

    Авилгачид төрийн албанд байх ёсгүй

    Хариулах
  • 202.126.88.72
    2023/11/09

    Хууль нь гуул больжээ харамсалтай монгол

    Хариулах