Хугацаат цэргийн алба хаахаар очсон хүү нас барсан хэрэг олны анхаарлын төвд байсаар байна. Энхийн цагт эр цэргийн алба хаахаар гэрээсээ гараад эргэж хэзээ ч ирэхгүйгээр армид амиа алдана гэдэг үнэхээр харамсалтай. Үр хүүхдээ алдаж хоцорсон ээж, аавын өр өмөрч, зүрх нь зүсэгдэж байгаа нь ч тодорхой. Энэ гашуудлыг харсан хүүтэй хүн бүрийн сэтгэл ч уймарч байна. Энэ бүхний үр дагавраар цэрэгт хүүхдээ явуулахгүй байя гэсэн сэтгэхүй нийгэмд "ноёлох" болов.
Ямартай ч асуудалд наанатай цаанатай хандах нь чухал. Хилийн болон дотоодын цэргийн ангиудад ирээдүйн Монголын өлчир эрсийг буй болгохын төлөө цаг наргүй зүтгэж буй алба хаагчид олон буй. Гэхдээ сайны хажуугаар саар гэдэг үг бий. Хал цэргийн "зангараг", салаан даргын "шанаа", ангийн захирагчийн "ааш"-ийг үзүүлж авирладаг нөхөд цөөнгүй бий. Тийм "гар"-уудын балгаар ч өнгөрсөн хугацаанд цэргүүд амиа хорлох, зодуулж нүдүүлэх, эцэстээ амиа алдах дээрээ тулсан жишээнүүд багагүй гарлаа.
Өөрөөр хэлбэл, армид "Чимээгүй алуурчид" байна гэсэн үг. Тэр нөхдийн балгаас болж, эгэл жирийн ажлаа хийж яваа цэргийн албаныхан нийгэмд чичлүүлж байна. Гучаад жилийн өмнө ийм л байсан. Армид нуугдсан энэ "алуурчдын" талаар нэрт сэтгүүлч Адуучийн Даваасамбуу агсан арми дахь дэглэлтийн талаар “Дэглэгчдэд дэг хэрэгтэй” нийтлэлээ тэртээ 1980-аад онд бичсэн.
Тус нийтлэлд армид дэглэлт хэрээс хэтэрснийг сануулж, нотлох баримтуудыг нийтэд гарган тавьсан байдаг. Гэтэл одоо ч цэрэгт дэглэлт байна, шүүх, цагдаа шалгаад илрүүлж чаддаггүй алуурчид тэнд бугшжээ. Үүнийг хэн цэгцэлж чадах вэ гэвэл нэгдүгээрт Жанжин штабын дарга, хуурай замын цэргийн командлагч байж таарна. Цаашилбал, бодлого барьж буй Батлан хамгаалахын сайд, бүр цаашаа гэвэл Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, түүний цэргийн бодлогын зөвлөхүүд л чадна.
Мэдээж цэргийн алба цэцэрлэг биш. Гэхдээ тийм биш байлаа гээд алба хаах гэж очсон цэргийн амийг авч яагаад ч болохгүй. Хүнлэг энэрэнгүй, хүний төлөө, ирээдүйн өлчир Монгол эрсийг буй болгохын төлөөх бодлогыг зангидах учиртай.
Яг энэ цаг үед цэрэгт татагдаж буй залуусын эрүүл мэндийг бус цэргийн албанд дэглэлт явуулаад буй алба хаагчдынхаа сэтгэхүйг шалгуулах шаардлага байгааг сануулахад илүүц биз ээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.90.118
Army bol command bas tsereg ersiin haluun dursamj
Хариулах