Б.Энхбаяр: Гэр бүл, хүүхдийн дагнасан шүүхийг Монгол Улсад анх удаа байгуулахаар боллоо

2023/11/22

Засгийн газрын хуралдааны дараа Хуульзүйн сайд Б.Энхбаяр мэдээлэл өглөө. Тэрбээр шүүхийн байгууллагад хийж буй шинэчлэлийн талаар дараах мэдээллийг өгсөн юм. 

Монгол Улсын шүүхийг тойргийн журмаар байгуулж болно гэсэн заалт Үндсэн хуульд орсон байдаг. Монгол Улсын Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс боловсруулсан Улсын Дээд шүүхээс санал авсан дараах өөрчлөлтийг танилцуулж байна. 

Нэгд. Анхан шатны шүүхүүдэд Эрүү болон Иргэний хэргийн дагнасан шүүх байгааг нэгтгэхээр боллоо. Улмаар дотроо эрүү, иргэний хэргийн танхимтай болж зохион байгуулагдана гэсэн үг. Ингэснээр орон тооны данхар бүтэц арилна.

Хоёрт. Давж заалдах шатны шүүхийн хүрээнд Дархан аймаг, Орхон аймгийн  Эрүү,  Иргэний танхимтай байсан шүүхийг мөн нэгтгэж байна. 

Гуравт. Гэр бүл, хүүхдийн дагнасан шүүхийг Монгол Улсад анх удаа байгуулах гэж байна. Энэ шүүхийг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс үйл ажиллагааг нь жигдрүүлнэ. Дээрх өөрчлөлтүүд хийгдсэнээр Монгол Улсын нийт шүүхийн зохиомол хэрэг 40 хувь буурна гэж тооцож байна.

Авлига, албан тушаалын хэрэг хэт хөнгөн ялаар шийтгэгдэж байгаа. Хамгийн сүүлийн жишээ, авлигад холбогдсон Багануурын захирлыг 20 сая төгрөгөөр торгосон асуудал гарлаа. Тийм учраас авлига албан тушаалын хэргийг анхан шатны шүүхүүд шийдвэрлэхгүй, давж заалдах шатнаас шийдвэрлэж, УДШ-ийн Эрүүгийн танхим бүрэн бүрэлдэхүүнээрээ шийдвэрлэдэг болно гэв. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна