Халиа тошин үүссэний улмаас Сэлбэ голын усны түвшин 14 хоногт 10-20 см нэмэгдэж байна

Zuv.mn
2024/01/07

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг өчигдөр холбогдох албаныхны хамт Сэлбэ голын Сүхбаатар дүүргийн нутгаар урсдаг хэсэгт ажиллажээ.

Ажиллах явцад Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Натурын гүүрний орчимд байрлах Геодези, усны барилга байгууламжийн газар /ГУББГ/ ОНӨААТҮГ-ын шугамаар хоёр аж ахуйн нэгж зөвшөөрөлгүй хөрсний ус дамжуулж, Сэлбэ гол руу цутгасан зөрчил гаргасныг илрүүлж, хариуцлага тооцуулахаар Нийслэлийн Байгаль орчны газарт мэдэгдсэн байна. 

Аж ахуйн нэгжүүд Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ, Туул голын сав газрын захиргаа, Нийслэлийн Байгаль орчны газраас зөвшөөрөл авч, ГУББГ-тай гэрээ байгуулан хөрсний усаа Сэлбэ голд цутгадаг. Харин дээрх ААН-ийн хувьд холбогдох зөвшөөрлүүдийн хугацаа өнгөрсөн аравдугаар сарын 31-нд дууссан байжээ. 

Өвлийн улиралд голын өнгөн хэсэг хөлдсөн ч ус нь доогуураа урсаж байдаг. Харин ААН-үүд хөрсний усыг гол цутгахдаа өндөр түвшнээс цутгадаг тул тухайн ус нь голын өнгөн хэсгийн мөсөн дээгүүр улсаж, улмаар халиа тошин үүсэх нөхцлийг бүрдүүлдэг байна. 

Нийслэлээс халиа тошинг арилгахад зориулан багагүй хүн хүч, техник, хөрөнгө мөнгө зарцуулж байгаа билээ.   

Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер С.Батсайханаас Сэлбэ голд үүссэн халиа тошингийн нөхцөл байдлын талаар тодруулахад “Халиа тошин үүссэн байршилд усны түвшин 14 хоногт ойролцоогоор 10-20 см-ээр нэмэгдэж байна. Энэ байдлаараа үргэлжилбэл сувагчлах, хоёр талаар нь далан босгох арга хэмжээ авна" гэв.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна