Н.Амартүвшин: Засагт хан аймгийн Дайчин засгийн хошууны засаг ноён Жалчингомбодоржийн удмын хүн гэдгээрээ бахархдаг

Х.Есү
2024/01/08

Монголын залуучуудын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, “Төр.мн” мэдээллийн агентлагийн үүсгэн байгуулагч, “Амар” авто сервисийн үүсгэн байгуулагч, Говь-Алтай аймгийн оюутан, залуучуудын “Ирээдүй Алтай” холбооны тэргүүн Н.Амартүвшинтэй ярилцлаа. Тэрбээр олон нийт руу чиглэсэн хүмүүнлэг, нийгмийн чанартай олон ажлыг санаачлан залуусыг нэгтгэх, хүсэл мөрөөдөлд нь хүрэхэд гүүр, дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж иржээ. Өнгөрсөн жил “ХЯЗГААРАА ТЭЛ” форумыг орон нутагт зохион байгуулж, залуусын дуу хоолой, үзэл бодлыг хүргэсэн бол өнгөрсөн оны төгсгөлд 1600 орчим хүүхдийг баярлуулж “ИНЭЭДЭГ УУТ” хүмүүнлэгийн төслийг хэрэгжүүлжээ.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. 2023 оны төгсгөлөөр цахим орчноо “ИНЭЭДЭГ УУТ” төслийн талаар мэдээлэл тархаж, олон хүмүүс уг төсөлд нэгдэж, мянга мянган хүүхэд “ИНЭЭЖЭЭ”. Уг төслийн талаарх мэдээллээр яриагаа эхэлье.

-Баярлалаа. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Манай Говь-Алтай аймгийн оюутан, залуучуудын “Ирээдүй Алтай” холбоо 20 жилийнхээ ойтой золгож, бид бүтээлч 20 ажил хийхээр зорин ажилласан. Өнгөрсөн жилийн төгсгөлд бид “Хүүхэд бүхний хүсэл биелэг” уриан дор “ИНЭЭДЭГ УУТ” нэртэй хүмүүнлэгийн төслийг санаачлан зохион байгууллаа.  Хүүхдүүд маань нэг  өдрийг зугаатай хөгжилтэй өнгөрүүлэх, тэднийг баярлуулах, инээлгэхийг зорьж төслөө эхлүүлсэн. Хоосон уутнаас дүүрэн уут болгоход 350 гаруй хувь хүн, 50 гаруй төр болон хувийн хэвшил, бизнесийн байгууллагынхан сэтгэлийн хандив өргөж нэгдсэн. Ингээд “Инээдэг уут” маань 18 сумд нэгэн зэрэг нэг цаг хугацаанд өрнөж, Говь-Алтай аймгийн төвд 660 гаруй Хүмүүнлэг хүүхдүүд нэг дор цугларч  олон хүүхэд баярлуулах “ИНЭЭДЭГ УУТ” төсөл маань амжилттай болж өнгөрлөө. Нийт тоогоор Говь-Алтай аймгийн хэмжээнд 1600 гаруй хүүхдийг баярлуулж чаджээ.

Энэ төслийг хэрэгжүүлж хамтран ажилласан МЭХ-ны Говь-Алтай салбар, аймгийн ХГБХХГ-ын хамт олон, дэмжиж нэгдсэн нийт хүмүүстэй халуун талархал илэрхийлье. Энэ бол нэг талаар ирээдүй болсон хүүхдүүддээ урам өгөх, баярлуулах үйл байлаа. Нөгөө талаар бидний ажил хязгаараа тэлж, хүрээ маань өргөжсөн үйл явдал болсон.

-Та сая ярианы төгсгөлдөө хязгаараа тэлсэн гэх үгийг онцоллоо. Та бүхэн өнгөрсөн оны эхэнд, миний санахаар ид хүйтний үед орон нутгаар ”ХЯЗГААРАА ТЭЛ” гээд хөгжлийн форумыг зохион байгуулсан санагдаж байна. Залуус өөрсдөө санаачлан манлайлж Алтайн 18 сумыг тойрсон байдаг?

-Хөөх, та мэдэж байна. (инээв). Өнгөрсөн 2023 онд хийсэн том ажлын нэг нь энэ юм. “ХЯЗГААРАА ТЭЛ” хөгжлийн форумыг бид Говь-Алтай аймгийнхаа 18 сумаар тойрч, залуусынхаа дуу хоолой, үзэл бодлыг нутгийнхаа зон олон, иргэд, залуустайгаа хуваалцъя гэж зорьсон. Форум маань төсөөлшгүй үр дүнтэй, гайхалтай дурсамжтай аялал байсан. Өдөржингөө цасанд суугаад, цас ухах үе ч байлаа. Зам харагдахгүй шуургатай ч таарлаа. -32 хэмээс 3 хэмийн дулаан, сумаас сум руу өртөөлөн явсан. Зарим суманд тог тасалсан ч тохиолдол бий. Гэтэл үр дүн юу болсон гээч. Манай нутгийн иргэд, зон олон, залуус, хүүхдүүд форумын талаарх мэдээллийг сонсоод иргэд зуу, зуугаараа ирж биднийг дэмжиж, бидний үг, үзэл бодлыг сонссон. Эцэст нь бидэнд урам, зориг хайрласан. Ёстой төсөөлшгүй аялал байсан. Бид нэг ч гэсэн залуу хүний зүрх сэтгэлд оч бадраахыг зорьсон. Хамтдаа урагшилж, хамтдаа бүтээхийг уриалсан. Нутгийн иргэдээс сайшаалын үг харамгүй авсан. Одоо ч хүмүүс үгээ дайсаар л байна.


-Та ярианы эхэнд бүтээлч 20 ажил өрнүүлэхээр зорьсон гэлээ. Бусад онцлог ажлуудаасаа дурдвал?

-Холбооныхоо 20 жилийн ойгоор 20 ажил өрнүүлэх зорилт тавихад их юм шиг санагдаж билээ. Гэтэл яг хийгээд эхлэхээр энэ тоо бол дэндүү бага санагдсан. Бидний хувьд 2023 он “БҮТЭЭЛЧ” жил байсан. Бид 30 сая төгрөгийн шагналын сантай “GOOD STUDENTS”  оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг зохион байгуулж 20 оюутанд тус бүр 1.5 сая төгрөгийн тэтгэлэг олголоо. “Соёлтой жолооч” бэлтгэх ажлын хүрээнд 300 орчим нутгийнхаа залуусыг жолооны сургалтад хамруулж, зах зээлийн үнээс 50 хувийн хөнгөлөлт үзүүллээ. Улаанбаатар хотод хөдөлмөрлөж, сурч буй залуусыг хамруулсан “Цагийн зөрүү-2” форумыг зохион байгуулж, “Нутаг сэтгэл үргэлжлэл” цуврал уулзалт, “Ээ дээ энэ Говь-Алтайнхан уу” цуврал контент, “Урам хайрла” яруу найргийн наадам, Ирээдүй-Алтай төгөл, IREEDUI CUP, Алтайн 500 залуу оролцсон “Өвлийн цэнэг” эвент гэх мэт залуусын сэтгэлд хүрсэн ажлуудыг зохион байгуулжээ. Холбооныхоо хийсэн ажлуудаар “Хязгаараа тэлсэн 20 жил” тайлан сэтгүүл эрхлэн гаргаж аймгийнхаа 18 сумын уншигчдад хүргэсэн гээд олон ажлуудыг амжуулсан завгүй жил байлаа.

-Залуус олон нийт руу чиглэсэн ажил хийхээр яах аргагүй улс төртэй холбон тайлбарладаг. Тэр намынх, тэрний санхүүжилттэй гэх зэргээр харлуулах, гүтгэх, холбох явдалтай таарсан л биз дээ. Улс төрд орох уу? гээд таниас шууд асуувал болох уу?

-Олон нийгэм, хүмүүнлэгийн ажлын ард багаараа амжилттай гарсан. Бид зөвхөн сүүлийн ганц, хоёр жил олон нийт руу чиглэсэн ажил өрнүүлээгүй. Миний хувьд 20 орчим жил нийгмийн ажил хийсээр ирсэн. Манай нутгийн залуус 2018 оноос идэвхтэй нэгдэж аймагтаа Залуус хөгжлийн форумыг зохион байгуулж, залуучууд тал тал тийшээ биш нэг зүг рүү харж нутгийн хөгжил бол нэгдүгээр эрх ашиг гэдгийг ойлгож нэгдэж эхэлсэн. Манай холбоо, Хантайшир бөхийн дэвжээтэй хамтран “Сэтгэлийн хүчээ ирээдүйд” төслийг хэрэгжүүлж хандиваар аймагтаа “Спорт, сургалтын төв” барилаа. Энэ бол хүүхэд залуус руу чиглэсэн том ажлуудын нэг юм. Нярайн тасагт амьсгалын аппарат бэлэглэсэн гээд олон ажлыг чимээгүй хийсээр ирсэн. Залуусын сэтгэлийн дуудлагаар нэгдэж хийж хэрэгжүүлж буй ажлыг улс төржүүлдэг юм билээ. Нэг талаар зохион байгуулалттай, нөгөө талаар гүтгэн, холбох мэтээр. Харин бид бүх ажлыг сэтгэлийн дуудлагаар, залуусын нэгдлийн хүчээр хийж хэрэгжүүлсэн, зохион байгуулж үр дүнд хүрсэн. Үүнийг бардам хэлнэ. Алтай сайхан нутгаар овоглож байгаа олон зуун шилдэг залуус Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байна. Та энд салбар салбартаа шилдэг байж болох ч төрсөн нутаг тань өрсөлдөх чадвар, хөгжлөөрөө сүүл мушгиад байвал залуус бидний оролцоо дутуу байгаагийн л илрэл. Та улс төрд орох уу? гээд шууд асуучих уу гэсэн. Би ч бас шууд л хариулъя. Яагаад ҮГҮЙ гэж. Нутгаа хөгжүүлэх, залуусынхаа оролцоог нэмэгдүүлэх, дэмжихэд хүрвэл улс төрд орохыг үгүйсгэхгүй. Ардын хүүхэд орж болдоггүй наадам уу гэдэг шиг. Эгэл ардын жирийн сэтгэл, зүтгэлтэй шилдэг залуус олон бий шүү дээ цаана чинь.

-Улс төр залууст халтай шүү дээ?

-Ардын хүүхэд гэж алагчилдаг, мөнгөгүй хүний үрс гэж хаалга хаагддаг үе өнгөрсөн байх. Одоо өөр ирээдүй ирсэн. Өөр ч сонголт хийх ч цаг болсон. Бид бүхэн амьдралаараа тууллаа, үзлээ, харлаа шүү дээ.

-Ингэхэд та аль сумын уугуул вэ?

-Би аймгийн төв Есөнбулагт төрж Төрийн тахилгат мөнх цаст Сутай хайрхны бэл, Тонхил суманд хүүхэд нас минь дурсамж дүүрэн өнгөрсөн. Миний өвөг дээдэс Засагт хан аймгийн Дайчин засгийн хошууны хамгийн сүүлийн ноён болох Жалчингомбодоржийн удмын хүмүүс. Би сүүлийн засаг ноёны удмын хүн гэдгээрээ бахархдаг. Дайчин засгийн хошуу бол одоогийн Говь-Алтай аймгийн Тонхил, Төгрөг, Дарив, Бугат, Цээл, Ховд аймгийн зарим сумууд хамарч байсан засаг захиргааны түүх бий. Засаг ноён нь одоогийн Тонхил сумын төвд суурьшиж байсан гэдэг.

-Та бүхний нийгмийн ажлууд ямар ажлаар үргэлжлэх вэ? Ойрын төлөвлөгөөнөөсөө хуваалцаач?

-Өнгөрсөн жил нутгийн залуусыг жолооны сургалтад хөнгөлөлттэй нөхцөлөөр хамруулсан нь үр дүнтэй болсон. Энэ хөтөлбөр залуусын саналаар дахин эхэлсэн. Удахгүй нутгийн залуусын дунд ковер дууны үдэшлэг зохион байгуулахаар төлөвлөж буй. Залуусын авьяас чадварыг нээн илрүүлж, хөгжүүлэх, хүсэл мөрөөдөлд нь хүрэх гүүр болох зорилготой бөгөөд мэргэжлийн уран бүтээлч хүмүүстэй холбож өгнө. Мөн “Ирээдүй Алтай” холбооны дэргэд сурагчдын клуб байгуулагдана. Клубээр дамжуулж мэргэжил сонголт, оюутны тэтгэлэгт хэрхэн хамрагдаж болох, гадаадын их дээд сургуулиудад хэрхэн суралцах зэрэг мэдээллээр хангах юм.  За тэгээд замын дундаас олон ажил өрнөнө дөө.

-Бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.

-Баярлалаа.

 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.