ПРОГНОЗ: У.Хүрэлсүхийн дүү МАН-ын дархлагдсан улс төрчид дээр нэмэгдэж, АН-ын залуучуудтай хүч сорих VI тойрог

С.Гандэлгэр
2024/05/01

Мэдээллийн Зөв.мн сайт УИХ-ын сонгуулийн бүсчилсэн 13 тойрогт зонхилох хоёр нам МАН, АН-аас нэр дэвшигчдийг танилцуулах урьдчилсан мэдээллийг уншигчдадаа цувралаар хүргэж байгаа билээ. Та бүхэндээ ээлжит дугаараа хүргэж байна.

УИХ-ын ээлжилт сонгуулийн VI тойрог буюу Зүүн бүс

УИХ-ын VI тойрогт Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгууд хамаарна. 2020 оны УИХ-ын сонгуулиар МАН Хэнтий, Дорнод аймгуудад ялалт байгуулсан бол Сүхбаатар аймагт АН ялсан байдаг. 

Найман жил засагласан МАН-ын ялах төлөвлөгөө нь бүсчилсэн тойрог нэрээр тойрог томсгох байсан. Энэ замаараа үеийн үед АН ялдаг, АН хүчтэй байгаа аймгуудыг МАН ялдаг, ялах боломжтой аймгуудтайгаа нийлүүлж, салгах замаар тойргоо хуваарилсан. Энэ хуваарилалтын хамгийн том хохирогч нь Сүхбаатар аймаг. 

Учир нь хүн амынхаа тоогоор Сүхбаатар аймаг хамгийн бага буюу 66,000 орчим байгаа юм. Дорнод аймаг 84,000, Хэнтий аймаг 79,000 хүн амтай байна. Тэгэхээр ирэх сонгуульд Сүхбаатар аймгаас гаралтай нэр дэвшигчид сул талтай гэсэн үг. 

МАН талаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зүүн бүсээ толгойлно. МАН-ын даргын хувьд УИХ-ын гишүүдээ жагсаалтдаа оруулахгүй тойрогт өрсөлд гэсэн чиглэл өгч буй. Өөрөө ч жагсаалтын ард нуугдах бус тойрогтоо нэр дэвших биз. 

УИХ-д дараалан таван удаа сонгогдсон Б.Бат-Эрдэнэ дахиад УИХ-д нэр дэвшинэ. Сүүлийн 20 жил төрийн ордонд УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн хийсэн Б.Бат-Эрдэнийг тойрог томсгосонтой холбоотойгоор МАН-аас дэвшүүлэх бололтой. Учир нь томсгосон тойрогт танигдалд чухал. Тэр ч утгаараа Зүүн бүсэд торойгоод сонгогдох хамгийн магадлалтай гишүүн бол Б.Бат-Эрдэнэ юм. 

Хэнтий аймгийн засаг дарга асан УИХ-ын гишүүн Ц.Идэрбат ч ирэх сонгуулиар горилж байгаа. Түүний хувьд 2000-д оноос хойш аймгийнхаа шат шатны албан тушаалуудыг хашсан. 2021 оны УИХ-ын нөхөн сонгуулиар сонгогдсон. УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаандаа элдэв хэрэг төвөгт орооцолдоогүй ч Хэнтийгээс бусад аймгуудад танигдалт бага байх магадлалтай. 

Үеийн үед Дорнод аймаг "улаан" байсаар ирсэн. Энэ сонгуулиар ч гурван удаа УИХ-ын гишүүн хийж, сайдаар ажилласан Х.Болорчулуун нэр дэвших нь ойлгомжтой. Өөрийг нь улс төрд хөтөлж оруулсан Ц.Даваасүрэнтэйгээ нийлээд нам доторх сөрөг хүчин, бодлого эсэргүүцэгч хийдэг. Намын дарга Л.Оюун-Эрдэнийн хүн биш ч ЗГ-ын газрын гишүүнээр томилогдсоныг нь харвал нэр дэвших нь ойлгомжтой. 

Харин түүнтэй хамт засаг дарга М.Бадамсүрэн нэр дэвших бололтой. Одоо байгаа Ц.Сэргэлэн дахин нэр дэвших боломтой ч өнгөрсөн дөрвөн жил тойрогтоо ч, УИХ-даа ч идэвх муутай ажилласан учраас түүнийг нэр дэвшүүлэхгүй биз. Мэдээж түүний нүүрсний хэрэгт нэр холбогдсоныг ч хэлэх нь зүйтэй. 

М.Бадамсүрэнгийн хувьд сүүлийн есөн жил, гурван удаа засаг даргаар ажилласан туршлагатай. Тиймдээ ч энэ удаа УИХ-д хүч сорих нь зүйтэй гэж үзэн нэр дэвших магадлалтай байна. 

Сүхбаатар аймгийн хоёр квотын нэгд нь Л.Оюун-Эрдэнийн зөвлөх, У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Отгонбаяр дэвших гэнэ. У.Отгонбаяр нь Ерөнхий сайдад зөвлөхөөс гадна Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлийн даргаар ажилладаг. Төрийн албанд 10 гаруй жил ажиллаж, БХБЯ, ХХААХЯ зэрэг яамдад газар, хэлтсийн даргаар ажиллаж байсан. Өнгөрсөн зуднаар зүүн бүсийн аймгуудаар тойрч шагнал тараасан. Түүний дараахан зудад нэрвэгдсэн малчдыг тойглоод авсан. Аав Ухнаа нь Хэнтий аймгаас гаралтай ч Сүхбаатар аймагт төрж өссөн. Тэр утгаараа Сэцэн хааны аймгаас дэмжлэг авах өндөр магадлалтай. Мэдээж У.Хүрэлсүхийг дэмждэг дэмжлэг түүн дээр нэмэгдэх нь ойлгомжтой. 

Ардчилсан нам. 

Арчилсан намаас зүүн бүсийг Ж.Батсуурь ахалж байгаа. 2020 оны УИХ-ын сонгуулиар ялалт байгуулсан Сүхбаатар аймаг нь Хэнтий, Дорнодтой нэгдсэн учраас Сүхбаатарын хоёр гишүүнд муу мэдээ болох талтай. Харин нэг найдаж болох зүйл нь Дорнодын хүн амын багагүй хувийг Сүхбаатар аймгаас гаралтай иргэд эзэлдэг. 

Ямартай ч АН-ын ҮБХ-ны дарга Ж.Батсуурь, УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Н.Ганибал бусад таван нэр дэвшигчдээ хариуцан "ялагдахгүй" байх даалгавартай сонгуульдаа бэлдэж байгаа. Зүүн бүсийн хувьд Баруун бүстэй нэлээд төстэй. Олон жил МАН ялсан учраас хүч тэнцвэргүй тулаан өрнөх юм. Гэсэн ч тэд заавал дахин гишүүн болох үүрэгтэй нэр дэвшиж байгаа. Ардчилсан нам ялах, хамтарсан ЗГ байгуулах тохиолдолд шууд аль нэг яамны сайдаар томилогдоно.  

Үеийн үед улаан байсан Хэнтий аймаг "цэнхэртэх" магадлал бага. Гэсэн хэдий ч тойрог томссонтой холбоотойгоор АН-ын шинэ залуу улс төрчид ирэх сонгуулиар хүч сорих бололтой. Хэнтий аймгийн гурван квотоор АН-ын дэд дарга Т.Пүрэвхатан, АЗХ-ны дэд ерөнхийлөгч, ҮБХ-ны гишүүн Д.Балдан, ҮБХ-ны гишүүн Э.Цэцэгсайхан нар нэр дэвшихээр горилж байна. 

Мөн Дорнот аймгийн хоёр квотод ч АН залуучуудаа явуулж байгаа бөгөөд Бизнес эрхлэгч, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ш.Бямбасүрэн, Дорнод аймгийн АН-ын дэд дарга Э.Төмөрбаатар нар УИХ-д горилж байна. 

Ингээд харвал МАН нөгөө л хуучин улс төрчдөө УИХ-д сойж байгаа бол АН-ын зүгээс шинэ залуу улс төрчдөө Сүхбаатар аймгийг цэнхэртүүлсэн хоёр гишүүнийг бараадуулан дэвшүүлж байна. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна