Монгол Улс түүхэндээ хоёр дахь удаагаа пропорциналь тогтолцоогоор сонгууль хийх гэж байна.
Өмнө нь 2012 оны сонгуульд пропорциональ хувилбарыг оруулж ирсэн ч Үндсэн хуульд УИХ-ын гишүүнээр “25 нас хүрсэн, Монгол Улсын иргэнийг сонгоно” гэсэн заалттай болохоос “Нам сонгоно” гэж байдаггүй” гэсэн шалтгаанаар 2016 оноос буцаад жижиг мажоритар тогтолцоо руу шилжсэн юм. Одоо харин Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан учир ямар ч зорицлгүйгээр холимог тогтолцоогоор сонгууль хийх гэж байна. Басхүү урт удаан энэ чигээрээ байх найдлага байгаа нь, пропорциональ тогтолцоо орж ирснээр Парламентад үнэмлэхүй олонх бүрдэх магадлал буурдагтай холбоотой юм.
Ирэх сонгуулиар Ардчилсан нам ямар ч байсан одоо байгаагаасаа олон суудал авч, байр сууриа бэхжүүлэх нь тодорхой байгаа. Харин МАН-ын хувьд эсрэгээрээ учир, тогтолцооны өөрчлөлт их л зориг шаардсан, гэхдээ хийхээс өөр аргагүй ажил байсан. Энэ тал дээр МАН-ын зоригийг үнэлэх ёстой.
Жагсаалтад хамгийн сайн, лидер улстөрчөө бичих ёстой болдог нь сонгуулийн холимог тогтолцооны онцлог. Тиймээс намдаа нөлөөтөй олон улстөрчөөс 48-ыг шигших шүүлтүүрийн нүх том байх ёстой. Маш нарийн шигшиж, жинхэнэ чадварлаг хүмүүсээ үлдээнэ гэсэн санаа.
Гэтэл шүүлтүүрийн нүх жижигтэй, өөрөөр хэлбэл, лидер улстөрчид нь 28 байтугай 10 хүрэхгүй намууд бас байна. Гуравдагч хүчин гэж итгэж байсан улс төрийн хүчнүүд нь үнэн хэрэгтээ боловсон хүчнээр ямар дулимаг болохыг 2012 оны сонгууль бидэнд харуулсан.
Монгол Улс мажоритар тогтолцоогоор сонгуульддаг байх үед УИХ дунджаар 70 хувь шинэчлэгддэг жишиг тогтсон байлаа. Өөрөөр хэлбэл, 76 гишүүний 25 нь дараагийн сонгуульд улиран сонгогдож, 50 орчим нь парламентын гадна үлддэг байсан гэдгийг үе, үеийн парламентын бүрэлдэхүүнийг харахад тодорхой болно.
Ард түмний олонхи нь хамгийн боловсрол мэдлэгтэй хүмүүсийг парламентад оруулахыг хүсдэг.
Гэтэл үнэхээр шилдэг нь байж чадаагүй, улс төрд байхдаа муу, муухай юм хийсэн улстөрч, мөн хэний ч танихгүй товарищууд намын жагсаалтаар шууд парламентад суух боломжийг пропорциональ тогтолцоо олгодог.
Эрх баригч МАН-ын тухайд жагсаалтад улстөрчдийг аль болох цөөн оруулна, гол нь мэргэжлийн боловсон хүчнийг оруулж ирнэ гэсэн бодлого барьж байгааг Бага хурлын гишүүд нь илэрхийлж байгаа. Гэхдээ тэдгээр шилдэг мэргэжилтнүүдийн хажуугаар нэр муутай хүн чихэж, гэнэтийн бэлэг барихыг үгүйсгэхээргүй байна.
Ардчилсан намын хувьд, жагсаалтаа мөн хамгийн гоё сайхан харагдуулахыг хичээх ч Лу.Гантөмөрөөс өөр хэн, хэн бичигдэж, баталгаатай УИХ-ын гишүүн болох нь тодорхойгүй хэвээр байна.
Ямартай ч 2024 оны сонгуулиар бүрдэх Парламент Монголчуудын эв нэгдлийг хангах хамгийн том зорилготой нь илэрхий бөгөөд иргэдээс маш өндөр дэмжлэг авах хүмүүс олноороо орж ирэх нь л тодорхой.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс Б.Болороо, жүжигчин Ж.Баясгалан гэх мэтчилэн орж ирэх магадлал бий.
Хүлээлт, басхүү болгоомжлолын хүлээс тайлагдахад хэдхэн цагийн хугацаа үлдээд байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна