Сайны дохио: "Fitch" агентлаг Монголын зээлжих зэрэглэлийг өсгөсөн нь юуг хэлж байна вэ

Х.Батсайхан
2024/09/19

Дэлхийн улс орнуудын зээлжих зэрэглэлийг тогтоодог агенталгууд дундаа “Их гурвал” хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн гурван “Аварга загас” бий. 

“Стандарт энд пүүрс”, “Мүүдийз”, “Фитч рейтингс”. Эхний хоёр нь цэвэр АНУ-ын “угшилтай” бол Нью Йорк, Лондонд төвтэй “Фитч рейтингс” Францын FIMALAC корпорацийн охин компани юм /Таван улсын компани (Португалын CPR, Энэтхэгийн  CARE Rating, ӨАБНУ-ын GCR, Малайзын MARC, Бразилын SR Rating) нэгдэж байгуулсан "ARC Ratings"-ыг эдэн дээр нэмж болох юм/. 

Эдгээр агентлагууд нь санхүүгийн маш өндөр чадвартай мэргэжилтнүүдийнхээ ачаар санхүүгийн зөвлөгөө өгөх, компаниудын зээлжих зэрэглэлийг тогтоох үйл ажиллагаа явуулж санхүүждэг.

Тэгвэл энэ гурван "Аварга загас"-ны нэг болох "Фитч" /Fitch Ratings/ Монгол Улсын 2024 оны зээлжих зэрэглэл “B+Тогтвортой” болгож өсгөжээ. 

Зэрэглэл сайжрахад: 

-Монгол Улсын Засгийн газраас өрийн удирдлагын оновчтой зөв бодлогыг хэрэгжүүлж, арилжааны нөхцөлтэй өрийг төсөв, эдийн засагт дарамт багатайгаар шийдвэрлэж, өрийн дарамтыг бууруулсан 

-2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүн нь Монгол Улсын “улс төрийн тогтвортой байдал” үргэлжлэх дохио болсон. 

-Монгол Улсын Засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлсэн санхүү, төсвийн сахилга бат, экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээ нь уул уурхайн зах зээлийн олон улсын үнийн бууралтад илүү тэсвэртэй болсныг харуулсан. 

-Улсын гадаад валютын нөөц сүүлийн жилүүдэд тогтмол нэмэгдсэн зэрэг эерэг үзүүлэлтүүд нөлөөлсөн байна. 

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТАХ АЖИЛД "НОГООН ГЭРЭЛ" АСААЖ ӨГӨВ

Улс орнууд, ААН компаниуд зээлжих зэрэглэл тогтоолгосноороо хөрөнгө оруулалт татах, банкнаас зээл авах, харилцагчдадаа итгэл төрүүлэх гээд асар их давуу тал олж авдаг. Хөрөнгө оруулагчдын ихэнх нь хөрөнгө оруулах улсаа сонгохдоо зээлжих зэрэглэлийг нь хардаг учраас энэ нь хөгжиж буй жижиг орнуудад маш чухал юм.

Зээлжих зэрэглэл нь банкуудын судалгаа хийх цагийг хэмнэдэг бөгөөд ААН-үүдийн зэрэглэлийг нь хараад л цаг алдалгүй шуурхай зээл гаргадаг. Хөрөнгө оруулагчид ч ялгаагүй, шийдвэр гаргахдаа улсыннь зээлжих зэрэглэлийг заавал хардаг бөгөөд шийдвэр гаргахдаа чухал хүчин зүйл болгож авч үздэг юм. Бас зэрэглэл өндөр байх тусмаа бага хүүтэй зээл авах боломж үүсдэг. 

Өөрөөр хэлбэл, манай улсын зээлжих зэрэглэл нэмэгдсэнээр бид олон улсаас хөрөнгө оруулалт татах, ялангуяа бидэнд одоо маш чухал болоод байгаа гуравдагч хөрш орнуудтай эдийн засгийн харилцаагаа зузаалах боломжтой болж байна. 

УЛС ОРНУУД БҮСЭЭ ЧАНГАЛСНЫХАА ХЭРГИЙГ ГАРГАЖ БАЙНА  

Дэлхий нийтийг хамарсан цар тахал болон геополитикийн мөргөлдөөний улмаас үүссэн олон хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаалан дэлхийн 70 гаруй орны зээлжих зэрэглэл буураад байсан бол одоо эргэж, 50 гаруй орны зээлжих зэрэглэл нэмэгдээд байна.

Манай улсын хувьд хүнд сорилттой нүүр тулсан дээрх он жилүүдэд Засгийн газраас хэрэгжүүлсэн санхүү, төсвийн сахилга бат, өрийн удирдлагын оновчтой бодлогыг хэрэгжүүлсний үр дүнд зээлжих зэрэглэлээ бууруулахгүйгээр “В” зэрэглэлд тогтвортой хадгалж ирсэн бөгөөд улмаар сүүлийн 10 жилд анх удаа зээлжих зэрэглэлээ сайжруулж “В+Тогтвортой” түвшинд хүргэж чадлаа.

"Аварга загас"-нуудын үнэлгээ зөрөх нь ховор, ерөнхий ханатай байдаг тул удахгүй нөгөө хоёр нь ч манай зэрэглэлийг өсгөх биз. Энэ бол том боломж, бидэнд том хариуцлага ирж байна. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.