Шийдвэр нь 2011 онд гарсан ч янз бүрийн шалтгаанаар гацсаар өдийг хүрсэн Тавантолгойн ДЦС төсөл тендер будилснаас үүдэлтэйгээр дахин гацаанд орсон тухай мэдээлэл УИХ-ын Намрын Чуулганы эхний өдөр олон нийтэд ил болсон билээ.
Анхаарал татаж буй энэ сэдвээр бэлтгэсэн мэдээллийг та бүхэндээ хүргэж байна.
Маргааны шалтгаан юу байв
Уг төслийг хэрэгжүүлэхээр 2023 онд Олон улсын нээлттэй тендер зарлахад нэг компани / Камбожийн “Mitime international”/, нэг түншлэл / China Western Power Industrial Co., Ltd (БНХАУ), Beijing Beizhong Steam Turbine Generator Co., Ltd (БНХАУ) болон Майнс Ап ХХК / санал ирүүлснээс Камбожийн “Mitime international”-ыг гүйцэтгэгчээр шалгаруулсан.
Нээлттэй мэдээллээс үзвэл, “China Western Power Industrial Co., Ltd (БНХАУ), Beijing Beizhong Steam Turbine Generator Co., Ltd (БНХАУ) болон Майнс Ап ХХК-ын (Монгол улс) түншлэл 676 сая ам.долларын төсвөөр барихаар саналаа ирүүлжээ.
Харин “MiTime International Co.,Ltd”компани 698 сая ам.долларын төсөвт өртгөөр барьж өгнө гэсэн юм байна. Тухайн үед үйлчилж байсан Тендерийн тухай хуулиар шаардлага хангасан оролцогчдоос хамгийн бага үнийн дүн санал болгосныг сонгох хууль үйлчилж байсан. БНХАУ-Монголын түншлэл шүүхэд хандах, улмаар төсөл зогсонги байдалд орох болсон гол шалтгаан энэ байж болох юм.
Түүнчлэн, саяхан тендерийн тухай хуульд өөрчлөлт оруулж, үнийн дүнтэй холбоотой заалтыг хүчингүй болгосон нь ч үүнтэй холбоотой байж мэдэхээр байна. Шинэ хуулиар үнийн дүн хамаарахгүй, гэрээг Засгийн газар шууд байгуулах эрхтэй болсон. Гаргаж тавьж байгаа шалтгааныг нь сонсохоор бас ч аргагүй мэт боловч геополитик аюулгүй байдлаар халхавчлаад энэ мэт цүнхний компанид өндөр өртөгтэй төсөл өгөөд байх магадлал ч байгаа гэдгийг энэ тендер харуулж байгаа юм биш биз.
Бид энэхүү мэдээллийг бэтгэх явцдаа Камбожийн “MiTime International Co.,Ltd” компанийн талаарх мэдээллийг нээлттэй эх сурвалжаас хайсан боловч мэдээлэл гарч ирсэнгүй.
Фэйсбүүк платформд Камбожийн Пномпень хотод төвтэй “Mitime Cambodia” гэх компанийн хуудас гарч ирсэн нь орон сууц барьдаг барилгын компани байв.
Камбож улсын цахилгаан станцуудын мэдээллийг хайвал ДЦС гэхээсээ илүү УЦС голлодог юм байна.
33 цахилгаан станцтайгаас зургаа нь л нүүрсээр ажилладаг гэсэн мэдээлэл олдлоо. Тэгэхээр, “Mitime Cambodia” компанийн ДЦС барьж байгуулсан туршлагын талаар мэдээлэл маш хангалтгүй байна.
Тендерийн материал албан ёсны цахим хуудаст байсангүй. Харин Монголд Митайм Монголиа гэсэн компани байгуулсан байх бөгөөд эзэмшигчээр Камбожийн Mitime (Cambodia) Co.,Ltd. хамтран эзэмшигчээр бүртгэгдсэн нь Тавантолгойн ДЦС-ын тендерт шалгарсан компани бараг мөн болов уу.
Ямартай ч Монгол Улс маш чухал төслөө хууль зөрчөөд, туршлага багатай, “цүнхний” байж мэдэх компанид өгчихсөн байж тун магадгүй байна.
Тавантолгой ДЦС-ын түүх
Тавантолгойн ДЦС-ын төслийг анх Засгийн газрын 2013 оны 71 дүгээр тогтоолоор эхлүүлж, хөрөнгө оруулалтын гэрээг Засгийн газар "Тавантолгой цахилгаан станц" ХХК болон "MSC power" ХХК-ийн хооронд 2016 оны зургаадугаар сарын 24-нд байгуулж байв.
Гэвч Оюутолгой болон Тавантолгой цахилгаан станц компаниуд цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах үнийг харилцан тохиролцож чадаагүй улмаас 2016 оноос хойш төсөл хүлээлтийн байдалд орсон байдаг. Тиймээс хөрөнгө оруулагч нь 2017 онд гарч явжээ.
Улмаар Засгийн газрын 2020 оны 124 дүгээр тогтоолоор өмнөд бүсийн уул уурхайн болон Оюутолгойн цахилгаан эрчим хүчийг хангах зорилгоор цахилгаан станц барих төслийг хэрэгжүүлэх төрийн өмчит "Тавантолгой Дулааны Цахилгаан Станц (ДЦС)" ХХК-ийг 2020 оны аравдугаар сард байгуулсан байдаг.
Төслийн хүрээнд гурван блок бүхий 450 мегаваттын хүчин чадалтай ДЦС, Тавантолгой болон Оюутолгой дэд станц руу чиглэсэн хоёр хэлхээ 220 киловаттын 167 км цахилгаан дамжуулах агаарын шугам, ус хангамжийн байгууламжийг барих ТЭЗҮ боловсруулж, Эрчим хүчний яамны Шинжлэх ухааны технологийн зөвлөлөөр 2020 оны арванхоёрдугаар сард хэлэлцэж баталжээ.
2023 онд Засгийн газрын 132 дугаар тогтоол гарч, 450 мегаваттын хүчин чадал бүхий дулааны цахилгаан станцыг 300 МВт, 150 мВт гэсэн хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр болсон байдаг.
Ингээд олон улсын нээлттэй тендерийг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр 2021 оны аравдугаар сар, 2022 оны тавдугаар сард зарлахад тус бүр нэг оролцогч материалаа ирүүлсэн боловч техникийн шаардлага хангаагүй санал ирүүлснээс болж амжилтгүй болжээ.
Тендер амжилтгүй болоход дараах асуудлууд нөлөөлжээ. Үүнд:
· Оролцогч компаниуд төслийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлж, төлбөрийг нүүрсээр авах санал ирүүлсэн нь офтэйк гэрээг хязгаарлах арга хэмжээтэй давхацсан.
· 2021 оны есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд БНХАУ-ын дарга Ши Жиньпин "манай улс гадаад оронд хатуу түлшээр галладаг цахилгаан эрчим хүчний шинэ эх үүсвэрийн төслийг санхүүжүүлэхгүй" гэж мэдэгдсэн. Үүний дагуу Хятадын хөгжил шинэтгэлийн хорооноос эрчим хүчний шинэ эх үүсвэрийн төсөлд зөвхөн барилга угсралтын ажилд туслан гүйцэтгэгчээр ажиллах боломжтойг дурдсан.
· Дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбогдуулан нүүрсээр ажиллах цахилгаан эрчим хүчний төслийг санхүүжүүлэхээс Засгийн газрууд болон олон улсын банк санхүүгийн байгууллагууд татгалзсан.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
176.66.87.78
Очиж очиж камбож,оросууд женкогоор ддамжуулан хийж байгаа гацаалт...
Хариулах