29 дүгээр сургуулийн захирал С.Батмягмар: Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ялгаварладаг, хараад өрөвддөг байдлаа болих хэрэгтэй

Х.Есү
Өчигдөр 09 цаг 23 минут

Өнөөдөр Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Энэхүү өдрийг тохиолдуулан бид энэ удаагийн "True story" буландаа тусгай хэрэгцээт 29-р сургуулийн захирал С.Батмягмарыг урьж оролцууллаа. 


Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг ялгаварлаж, өрөвдөх биш тэгш, хүртээмжтэй нийгмийг бий болгох нь эрхийг нь хамгаалж буй хэлбэр гэдгийг онцлон хэлж байлаа. 

Тэрбээр "Би нийслэлийн ерөнхий боловсролын 29 дүгээр сургуулийн захирлаар ажилладаг. Би 11 жилийн өмнө хөдөө, орон нутагт дунд сургуулийн захирлаар ажиллаж байсан. 

Тухайн үед дутуу төрсний улмаас хүүхэд минь уналт таталт, саажилттай гэсэн хавсарсан оноштой болсон. Эхний 2-3 жилийн ерөөсөө л шокийн байдалтай байсан. Яагаад миний хүүхдэд, надад ийм зүйл тохиолдов, яагаад, яагаад гэж байнга боддог байв.

Тиймээс эхлээд сэтгэлзүйн хүнд байдлаа даван туулах гэж хичээсэн. Үүний дараа хүүхдээ эрүүл болгочихно гэж их боддог байлаа. Эрүүл болно гэсэн итгэл байсан учир хүүхдийнхээ өсөж, хөгжих алтан үед нь дандаа эмнэлгээр явсан.

Эргээд харахад одоо би сэтгэлзүйн хувьд илүү тогтвортой болсон байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг, эх үргэлж чанга нарийн зохион байгуулалттай байх ёстой. Хүүхдийнхээ эмийг цаг хугацаанд нь тогтмол уулгахаас эхлээд асар их хариуцлагатай байх ёстой байдаг. Ер нь эцэг эхчүүд их дайчин болчихдог. 

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эх эхний хоёр жил хүлээн зөвшөөрч чаддаггүй. Гэвч энэ хүүхдүүд амьдралын өөр өнгийг харуулахаар ирсэн бурханы бэлэг байдаг юм билээ. 

Нөгөө талаараа бид хүүхдүүдээ өөрсдөө их дэмжиж, урам өгөх хэрэгтэй. Цаг тутам хүүхдээ хөгжүүлэх хэрэгтэй. Бид өөрсдийн чаддаг мэддэг бүх зүйлээ нийгэмд харуулах ёстой. Хөгжлийн бэрхшээлтэй гэхээрээ л дандаа өрөвдүүлж байх ёстой гэсэн үг биш. Зүгээр л тэдний тэгш эрхийн хүртээмжийг нэмэгдүүлж, нийгэмд илүү ойлгуулах шаардлагатай. 

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, иргэдийг ялгаварладаг, хараад өрөвддөг. Аливаа зүйлийг "Энэ хийж чадахгүй дээ" гэдэг нүдээр харахаа болих хэрэгтэй. Ямар нэгэн хөдөлгөөний бэрхшээлтэй л байгаа болохоос биш бусдаас тэс ондоо ялгаатай гэсэн үг биш шүү дээ. Бид байгаагаар нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй" онцолж байлаа.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна