"Зарим хүмүүс сонсголгүй хүмүүстэй ойлголцох гэж хичээлгүй, ЯДАРГААТАЙ гэж боддог"

Т.Отгонсувд
21 цаг 20 минутын өмнө

Олон Улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Ерөнхий боловсролын 29-р сургуулиас сурвалжлагаа бэлтгэлээ. 

29-р сургууль нь хэл яриа, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн суралцдаг тусгай сургууль юм. Бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ялгаварлахгүй, адил тэгш хандах ёстой гэдэг ч яг үнэндээ тэдний суралцдаг сургуулийг хүртэл "ТУСГАЙ" гэх тодотгол хийж байгаа нь өөрөө ялгаварлаж, цоллож байгаа хэлбэр юм. 

Тиймээс 20109 оноос эхлэн энэхүү сургуулийг бусад сургуулийн адил Ерөнхий боловсролын сургууль гэж өөрчлөлт оруулсан байна. 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хамгийн их тулгамддаг асуудал бол нийгмийн хандлага. Арван жилийн өмнө гэхэд хөгжлийн бэрхшээлтэй хүнээс айдаг, зайлсхийдэг, өрөвддөг хандлагууд их ажиглагддаг байсан нь энэ талаарх мэдээлэл хомс байснаас үүддэг байсан. 

Харин тэд өөрсдийнхөө төлөө дуу хоолойгоо өргөж, өөрсдийгөө илэрхийлж, мөн тэдний асран хамгаалагчид нийгэмд мэдээлэл хүргэх ажлыг тасралтгүй зохион байгуулснаар өдгөө харьцангуй өөрчлөгдөж буй. 

Тэдний эрхийг яаж хамгаалах ёстой вэ, тэд юу хүсдэг вэ гэдэг талаар 29-р сургуулийн аравдугаар ангийн сурагч Х.Мөнххайр, Д.Энхмэндтэй ярилцлаа. 

Сургууль дээр очиж захирлаас нь ганц хоёр мэндчилгээний үг дохионы хэлээр сурч, тэдэнтэй мэндчиллээ. 

Х.Мөнххайр, Д.Энхмэнд нар нэг чих 50-70 хувь сонсдог,  бага зэрэг яридаг. Гэхдээ хүмүүс дутуу ойлгоод байдаг тул дохионы хэлээр яридаг. 

Сайн байцгаана уу. Өөрийгөө танилцуулаач 

-Сайн байна уу. Намайг Мөнххайр гэдэг.
Мөнххайр ямар гоё нэр вэ?

-Баярлалаа. 

Чиний дуртай хичээл юу вэ?

-Дуртай хичээл биеийн тамир буюу волейбол. Би Япон Улс руу явж энэ спортоороо хичээллэхийг хүсдэг. 

Танай сургууль өмнө нь засвар хийх шаардлагатай гэж байсан. Одоо ямар гоё болоо вэ? 

 Өнгөрсөн жил спорт заалны шал үнэхээр муухай байсан. Гутал шар өнгөтэй болоод угаасан ч арилахгүй их хэцүү байсан. Одоо шалыг нь солиод маш гоё, гялтганасан болоод хувцас муухай болохгүй байгаа.  

Чиний хувьд нийгмийн харилцаанд ороход ямар асуудлууд тулгамдаж байна вэ?

Би өмнө нь хөдөө волейбол яридаг хүүхдүүдтэй тоглохоор танилцах хэрэгтэй байгаа ч ярьж чадахгүй болохоор бусад хүүхдүүд намайг гайхаад байдаг.Багийн спорт болохоор уг нь ярилцаад тогловол илүү амжилт үзүүлэх боломжтой. Гэтэл би ярихгүй болохоор жоохон дутуу юм шиг санагддаг.
Хэлтэй хүмүүс бол яриад ойлголцчихдог. Бид бол заавал дохиогоор ярих шаардлагатай тул бие бие рүүгээ харж ярьдаг болохоор хүмүүс маш их гайхаж хардаг. Тусдаа хэл учир үүнийг ойлгох хэрэгтэй. Жишээлбэл, би хүнтэй танилцахдаа дохионы хэл мэдэхгүй байж болно би заагаад өгч болно. Би тэр
хүнтэй харилцахад бүрэн боломжтой. Тэгэхэд зарим хүмүүс дохионы хэлийг ойлгохгүй жоохон цааргалаад байдаг. 

Яг үнэндээ бид ярьж, сонсож л чадахгүй ч бусад зүйлсийг та бүхэнтэй л адилхан хийж чаддаг, бас сэтгэл зүрхтэй, та нарын царай, хандлагыг ойлгож чадна. Тиймээс адил тэгш л хандаасай гэж хүсдэг. 

Д.Энхмэнд нэг чих нь 70 хувь сонсголтой. Анхааралтай сонсвол яриаг нь ойлгох боломжтой ч хүмүүс төдийлөн анхаарал тавьж сонсож чаддаггүй тул дохионы хэлээр илүү яридаг. 

Тэрбээр "Сайн байна уу. Миний нэрийг Д.Энхмэнд гэдэг. Аравдугаар ангид сурдаг. Миний дуртай хичээл англи хэл. Би ирээдүйд кинотой холбоотой мэргэжилтэй болохыг мөрөөдөж байгаа. Өнгөрсөн жил манай сургуулийн ихэнх анги борооны ус гоожоод, өвөл болохоор аймар хүйтэн байдаг байсан. Олон давхар хувцас өмсчихөөр хэцүү байдаг байсан. Коридороор явахаар заваан, бохирын үнэр үнэртдэг
байсан. Жишээлбэл, би сургуулийн нэг буланд зургаа даруулахаар ард тал нь заваан, тухгүй харагддаг байсан. Одоо дулаахан, тухтай болчихсон сайхан байна. Засвар хийсэнд их талархаж байна.

Нийгмийн харилцаанд ороход би зарим үгийг нь сонсдог. Тэгэхээр зарим хүмүүс чи сонсдог юм биш үү гээд байдаг. Миний нэг чих 70 хувь сонсдог. Яагаад дутуу сонсоод байгаа юм гээд зарим хүмүүс гайхдаг. Ямар нэгэн ялгаварлан гадуурхалт байхгүй бол би харьцаж чадна. 

 Зарим хүмүүс сонсголгүй хүмүүс ядаргаатай гэж боддог. Зарим хүмүүс дохионы хэлийг суръя гэж боддоггүй. Бичээд байхаар бидэнд хэцүү байдаг. Жишээ нь хүмүүс цаасан дээр бичээд өгөхөд нь өөдөөс нь дохиод байвал ямар санагдах вэ. Яг адилхан шүү дээ. Бидэнтэй харилцах гэж, дохионы хэлийг сурах гэж хичээх хэрэгтэй" гэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна