Sweetymotion: 70 хүрсэн ч бид урлагтаа байх болно

Х.Есү
15 цаг 16 минутын өмнө

Бид энэ удаагийн ярилцлагын нэвтрүүлэгтээ "Sweetymotion" хамтлагийг урьж оролцууллаа. 

Тэдний хувьд ээж болцгоож урлагаас багахан хугацаанд завсарласан хэдий ч эргэн ирж, үзэгчидтэйгээ шинэ уран бүтээлүүдээр уулзаж байна. 

"Sweetymotion" хамтлаг анх 1998 онд байгуулагдсан бөгөөд өдгөө гурван гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Тэд өөрсдийн хамгийн нандигнаж, хайрладаг бяцхан дурсамжуудаасаа бидэнтэй хуваалцсан юм. 

-Сайн байна уу? Бидний урилгыг хүлээн авсан та бүхэнд баярлалаа. Уран бүтээлийн сонин сайхнаас яриагаа эхэлье

Бид ээж болох үүргээ биелүүлж яваад, эргээд урлагтаа хүрээд ирлээ/инээв/. Гэхдээ бид ээж болоод урлагаа бүр мөсөн орхисон зүйл байхгүй. Цаг үргэлж уран бүтээлээ ярилцаж төлөвлөж байсан. 

Сүүлд "UB is my heart" дуугаа гаргаад, үзэгч сонсогчиддоо дүнгээ тавиулаад явж байна даа. 

-Үзэгчид хэрхэн хүлээж авч байна. "Sweetymotion" хамтлагийг санасан байна уу?

Манай сонсогчид маш сайхан хүлээж авсан. Зарим нь нийслэлийн захиалгаар ийм дуу хийлээ л гэж байна лээ. Гэхдээ бараг дэлхийн хот болгон өөрийн гэсэн дуутай шүү дээ. Тиймээс бид бидний Улаанбаатар хот яагаад өөрийн гэсэн дуутай байж болохгүй гэж бодоод энэ дуугаа хийсэн. 

Гэхдээ хүмүүс бид гурвын хөгширснийг л гайхаад байна /инээв/. Хүн л юм чинь нас явна, хөгширнө шүү дээ. Бид өөрсдийнхөө байгаа байдалдаа жаргалтай байхад тэгээд л болоо шүү дээ. 

-Хамтлаг байгуулагдаад 26 жил болсон байна. Та бүхэн хамгийн нандин дурсамжаасаа хуваалцаач?

Биднийг урлагт хайртай байдал, хобби маань нийлүүлсэн. Дээрээс нь бид найзууд байсан, нэг зүгт амьдардаг байсан. 

Анхны дуугаа тайзан дээр дуулахад хувцасны асуудал их гарсан. Эмэгтэй л хүн болсон хойно тайзан дээр гоё хувцас өмсмөөр байна шүү дээ. Тэгээд л ярилцаж байгаад костюм пиджак хийлгэе гээд зах гараад, хулдаас шиг гялгар материал аваад хийлгэж билээ. Дараа нь манай нэг урлагийн ах "хүүе ээ та нар чинь сувилагч нар шиг юу өмсчихсөн юм бэ" гэж байсан. Тухайн үедээ өөрсдөө бол цав цагаан костюм пиджак өмсчихсөн гоё л хүмүүс байгаа шүү дээ. 

Хамт амьдрахаар бие биенийхээ янз бүрийн аашийг харж байгаа юм чинь. Хаалга саваад уурлаад гараад явна, энд тэнд уйлна, дуулна, хэрэлдэнэ /инээв/. Өдөр шөнөгүй дуугаа бэлдэнэ, хөгжмөө тоголно. Тэр л үе хамгийн нандин гоё байсан даа. 

-Шинэ жилийн баяр та бүхний хувьд хэр үнэ цэнтэй чухал баяр вэ?

Манай хамтлаг шинэ жилийн баярыг их чухалчилдаг. Албан газрууд баяр дээрээ урьж дуулуулаад л их гоё шүү дээ. Энэ жилийн хувьд илүү онцгой болж байна. 

Бид "Emotion holiday special" тоглолтоо 12 дугаар сарын 16-наас 22-ны өдрүүдэд 18 цагаас "Nomadia production house"-т  зохион байгуулана.. Мэдээж өөр хамтлаг дуучид бидний энэ үдэшт хүрэлцэн ирнэ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 124.158.108.26
    11 цагийн өмнө

    ядаж 50 хүрчих дээ

    Хариулах