Иргэдэд 24 цагаар үйлчлэх "Цахим үйлчилгээний төв" нээлтээ хийлээ

Х.Есү
6 цаг 5 минутын өмнө

Төрийн үйлчилгээг иргэдэд 24 цагаар үйлчлэх 24/7 “Цахим үйлчилгээний төв”-ийг аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэд байгуулж байгаа бөгөөд өнөөдөр нээлтээ хийлээ.


Нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Н.Түвшинжаргал, Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Хулан, Улсын бүртгэлийн газрын дарга Ж.Өлзийжаргал, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Э.Чагнаадорж, Хаан банкны Тооцооны төвийн захирал Ц.Одончимэг нар оролцлоо. 

Энэ үеэр аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун аймгийн хэмжээнд “Цахим Дундговь” хөтөлбөрийг боловсруулах, ажлын хэсгийг байгуулан ажиллаж буйг онцлон, цаашид төрийн үйлчилгээг иргэдэд нээлттэй, хүртээмжтэй, чирэгдэл багатай байлгах зорилгоор сумдыг цахимжуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулахаа илэрхийлэв.


Цахим үйлчилгээний төв нээлтээ хийснээр

  • Дундговь аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн Цахим үйлчилгээний нэгдсэн ХУР-ДАН системээс иргэн, хуулийн этгээдийн 73 төрлийн 215 үйлчилгээг, хувийн хэвшлийн 353 үйлчилгээг
  • Улсын бүртгэлийн хэлтсийн киоск машинаас 9 төрлийн 72 үйлчилгээ болон тоон гарын үсэг авах
  • Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын киоск машинаас 70 гаруй үйлчилгээг
  • Хаан банкны АТМ болон Төлбөр тооцооны киоск машинаас 10 гаруй үйлчилгээг цахимаар авах боломжтой бөгөөд Төрийн сангийн төлбөр тооцоог тушаах боломж бүрдэж байна. Цахим үйлчилгээний төв нь иргэн бүрд төрийн үйлчилгээг хүртээмжтэй, түргэн шуурхай, чирэгдэлгүйгээр хүргэх нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.

Мөн Дундговь аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсээс аймгийн Цагдаагийн газарт ХУР-ДАН киоск машин болон тусгай хэрэгцээтэй иргэнд зориулсан Киоск машиныг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвд тус тус байршуулжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна